Хүний эрхийн үндэсний комиссоос ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 20 орчим иргэн ХЭҮК-ын гадаа суулт хийж, мөн 7 иргэн өлсгөлөн зарлажээ. ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдын зүгээс “Иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг өргөн хүрээтэй хийлээ.
Шалгалтын үр дүнд газар чөлөөлөх талаар иргэдэд бүрэн мэдээлэл өгөөгүй, ТҮЦ эрхлэгч нартай хүнлэг бус харьцсан, нийслэлийн удирдлагуудтай уулзах үедээ гомдол гаргасан иргэн бүртэй нэг бүрчлэн уулзаж зөвшилцөлд хүрэх талаар ярилцсан ч ахиц гараагүй. ТҮЦ эрхлэгчдийг албадан нүүлгэх явцдаа ямар захирамжаар газар чөлөөлж байгаа тухай захирамжаа өгөөгүй байна. ТҮЦ эрхлэгчид энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Мэдэгдэх ажиллагаа ил тод тодорхой явагдаагүй гэдэг дээр ихэнх иргэд гомдолтой байгаа. Ихэнх иргэд аппликэйшний зээл, өдрийн зээл, худалдааны төвүүдээс мөн зээлээр бараа бүтээгдэхүүн авчихсан байсан учраас эдийн засгийн эрсдэлд орлоо гэж хэлж байгаа. Хэрвээ урьдчилж мэдэгдсэн бол эдийн засгийн хохирол бага амсах байсан гэж мэдэгдээд байгаа юм.