horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

БНХАУ, ОХУ-ын удирдагчид хэлэлцээ хийж, бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ

post-img

5-р сарын 8-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москва хот дахь Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар Хятад, Оросын харилцаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцож, стратегийн хамтын ажиллагаагаа тууштай гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг тогтвортой, эрүүл, өндөр түвшинд хөгжүүлэхийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв.

Мөн дэлхийн хоёрдугаар дайны талаарх зөв ойлголтыг хамт өвлөн баримталж, НҮБ-ын нэр хүнд, статусыг хадгалан, олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалахыг санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.

Ши Жиньпин, В.Путин нар гарын үсэг зурах, хамтын ажиллагааны баримт бичиг солилцох ёслолын арга хэмжээнд мөн хамт оролцсон байна.

Улмаар хоёр орны удирдагчид “Хятад, Оросын шинэ эрин дэх иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан байна.

Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, Хятад, Орос улсууд нь хамтын ашиг сонирхлыг бий болгосон, хоёр орны ерөнхий хөгжлийн зорилго уялдан нийцдэг тул хоёр талын олон салбарын хамтын ажиллагааны бат суурийг бүрдүүлсэн ба хоёр тал харилцан улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтвортой байдлыг тууштай дэмжин, гадны ямарваа хүчин хоёр орны харилцааны хэвийн хөгжлийг хориглож, хоёр орны дотоодын үйл хэрэгт хөндлөнгийн оролцоо хийх оролдлогыг эрс эсэргүүцэж, хөгжлийн замаа бие даан сонгох эрхээ хамгаална гэжээ.

Мөн олон улсын шударга ёсны талд шуурхай зогсож, дэлхийн улс орнуудын энх тайвныг эрмэлздэг ард түмэнтэй хамт, дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалан, хүн төрөлхтний ирээдүйг хамтран цогцлооход бэлэн байгааг илтгэж, хоёр талын худалдааг тогтвортой хөгжүүлж, худалдааны бүтцийг сайжруулж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эрчим хүчний зөөвөрлөлтийг шуурхай нэвтрүүлж, банк санхүүгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, Хятад-Оросын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлж, салбар бүрийн ажил хэрэгч хамтын ажиллагааг иж бүрэн гүнзгийрүүлж, 2030 оноос өмнө хоёр талын хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэн сайжруулж, олон улсын хууль эрхзүйг чанд баримтлахаа дахин нотолж, дэлхийн улс орнуудын ашиг сонирхол, эв нэгдлийг зохицуулахад НҮБ-ын гүйцэтгэх голлох үүргийг хамгаалахын төлөө зүтгэж, дэлхий нийтийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалан эрчимжүүлэхийн төлөө хоёр тал хамтран холбогдох салбарын сорилт заналхийллийг зохицуулна хэмээн хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Хятад, Орос, Монголын иж бүрэн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах хэтийн төлөвийг хоёр тал өндрөөр үнэлж, коридорын төслийн хүрээн дэх хамтын ажиллагааны гол төсөл, хэрэгжих ажлыг идэвхтэй ахиулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн интеграцийн үйл явцад Монгол Улс нэгдэхийг үргэлжлүүлэн туслахаар тохиролцсон тухай тус мэдэгдэлд дурьдсан байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины урилгаар энэ сарын 7-10-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд ийнхүү хоёр улсын төрийн тэргүүн Москва хотноо албан ёсны хэлэлцээ хийж, “Хятад, Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуран нийтэллээ.  

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн баасан гарагт Москва хотын Улаан талбайд зохиогдох Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох болно.

0/1000