АНУ Их Британитай худалдааны тохиролцоонд хүрсэн талаар пүрэв гарагт тус улсын ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд мэдэгджээ.
Энэ нь түүний дэлхийн улс орнуудын эсрэг нэмэлт тариф ногдуулсны дараа байгуулсан анхны хоёр талт худалдааны тохиролцоо болоод байна.
Түүний хэлснээр энэхүү тохиролцооны дагуу Их Британид үйлдвэрлэсэн автомашин, тээврийн хэрэгсэлд ногдуулсан импортын тарифын хувь хэмжээг буулгаж, зарим ган болон хөнгөнцагааны импортыг тарифаас чөлөөлөх бөгөөд хариуд нь Их Британи Америкийн хөдөө аж ахуй, газар тариалангийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр импортлох ажээ.
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер дараагаар нь хийсэн мэдэгдэлдээ энэхүү тохиролцооноос британийн автомашин үйлдвэрлэгчид үр ашиг хүртэх болно хэмээн
Хэдийгээр хоёр улсын удирдагчид дээрх тохиролцоог магтан сайшааж буй боловч АНУ-д худалдаалдаг Их Британийн ихэнх экспортын бараа бүтээгдэхүүн 10%-ийн тарифтай хэвээрээ байх бөгөөд шинжээчдийн зүгээс Их Британийн эдийн засагт гоц гойд нөлөө үзүүлэх хэмжээний тохиролцоо болж чадаагүй хэмээн үзэж байна.
Түүнчлэн тохиролцоонд хүрсэн л гэж мэдэгдсэнээс албан ёсоор ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурагдаагүй талаар мөн шүүмжлээд байна.
Энэ үеэр мөн ЕХ-ны зүгээс Трампын автомашины импортод ногдуулсан тарифын асуудлаар өөрсдийн эсрэг байр сууриа илэрхийлээд байна. Европын Комиссын зүгээс энэхүү асуудлаар Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлж, маргаан үүсгэх болно гэдгээ пүрэв гарагт албан ёсоор зарлан мэдэгдсэн байна. Хэрвээ АНУ-тай явуулах яриа хэлэлцээнээс ямар нэгэн үр дүн гарахгүй бол тус улсын эсрэг тарифын хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар ЕХ-ны өндөр албан тушаалтнууд мэдээлжээ.