horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Жүжигчин Женнифер Энистоныг мөрдөж мөшгөсөн эрэгтэй саатуулагджээ

post-img

Холливудын жүжигчин Женнифер Энистоны гэрийн гаднах хашааг машинаараа ирж мөргөсөн эрэгтэйг бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн болон мөн жүжигчинг мөрдөж мөшгөсөн хэрэгт буруутгаад байна.

АНУ-ын Миссиссиппи мужийн Нью Албани хотын оршин суугч Жимми Уэйн Карвайл гэгч 48 настай эрэгтэйг 2023 оны 3-р сараас эхлэн жүжигчин Женнифер Энистонд удаа дараа дуут мессеж, цахим шуудан илгээж, жүжигчний нийгмийн сүлжээн дэх хуудсуудад мессеж илгээх болсон бөгөөд энэ долоо хоногийн даваа гарагт тэрээр Лос Анжелес хотын Бел Эйр дэх жүжигчний гэрийн гаднах хашааг Chrysler PT Cruiser машинаараа мөргөсөн байна.

Түүнийг Женнифер Энистоны гэрийн ойролцоох зам дээр хамгаалалтын албаны ажилтан саатуулж, улмаар цагдаа нар ирж баривчилсан талаар Лос Анжелес хотын цагдаагийн газраас мэдэгджээ.

Прокуроруудын зүгээс хэлэхдээ, хашааг машинаар дайрч мөргөх үед жүжигчин Женнифер Энистон гэртээ байсан гэжээ. Прокурорууд түүнийг бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн, жүжигчинг мөрдөж мөшгөсөн, биед нь халдаж заналхийлэхийг оролдсон хэрэгт буруутгасан бөгөөд шүүх хурал пүрэв гарагт эхэлсэн байна.

Хэрвээ шүүхээс түүнийг дээрх хэргүүдэд буруутай гэж үзвэл тэрээр дээд тал нь 3 жил хоригдох ял сонсох ажээ.

Өдгөө 56 настай, “Найзууд” цувралын гол дүрийн жүжигчин Ж.Энистон энэхүү хэрэг явдлын талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд түүний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ж.Энистон өмнө нь мөн мөрдөж мөшгөх төрлийн гэмт хэргийн хохирогч болж байсан бөгөөд 2010 онд түүнтэй үерхэж байсан гэх эрэгтэйн эсрэг таслан шийтгэх арга хэмжээ авч байсан юм.

0/1000