Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гэж үйлээ үзэж байгаа 1 газар байна. Даргыг нь хэлмэгдүүлээд шоронд хийчихсэн. Барилгыг нь бас юу ч болгочихсон юм бэ дээ. Бүтэлтэй юм лав сонсогдсонгүй.
“Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хөгжлөө. Тэгэхээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг өөрийн гэсэн зориулалтын байртай болгох хэрэгтэй юм байна” гээд эрх баригчид 2011 онд ойлгоод, овоо нааштай болж эхлээд явж байтал 2014 онд уг төвийг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах төвийнх биш, Улсын 1 дүгээр эмнэлгийн дэргэдэх төв болгочихсон. Зориулалтын барилгатай л болж байвал хаанахын харьяа, юуны дэргэд байх нь яах вэ.
Ийн 2024 оны улсын төсөвт 42 сая төгрөг тусгав. Төрийн худалдан авах ажиллагааны газар 5-р сарын 8-нд тендер зарлаж, 6-р сарын 21-нд шалгаруулж, УИХ-ын сонгуулийн өмнө суурийг нь тавьсан юм. Газар доор 2, газар дээр 9 давхар барилга барихаар БНСУ-ын инженерүүд зураг төслийг нь гаргасан байлаа. Гэтэл гэнэтхэн л “Эмнэлэг ийм өндөр барилгатай байж болохгүй” гэж хэн нэг нь мэдэмхийрээд, зураг төслийг нь өөрчилжээ. Тендерийн баримт бичигт 2025.05.09-нд өөрчлөлт оруулсныг доорх зургаас харна уу! Монголд эмнэлэг 3 давхар байх ёстой гэнэ. 18 мянган ам м талбайтай, 120 ортой, хагалгааны 15 өрөөтэй эмнэлэгтэй болох гэсэн эмч нарын мөрөөдөл ийн замхрав.

Газар хөдөлбөл эмч, өвчтөн, үйлчлүүлэгчдийг аюулгүй байлгах үүднээс барилгыг нь ийм намхан барих стандарт тогтоожээ. Аюулгүй байдал талаасаа зөв ч юм шиг. Гэтэл гадаадын улсуудад 20 давхар, тэнгэр баганадсан эмнэлэг байж л байдаг. Монголд яагаад өндөр эмнэлэг байж болохгүй гэж. Япон, Турк, Солонгос гээд газар нь манайхаас хамаагүй хүчтэй, олон шилгээдэг улсууд өндөр эмнэлэгтэй. АНУ-ын Небраска мужийн эмнэлэг 11 давхар. Болдог учраас, болж байгаа учраас болно гээд БНСУ-ын инженерүүд 9 давхар эмнэлгийн зураг төсөл гаргаж өгсөн байж таарна. Түүнийх нь дагуу барьчихвал аюулгүй, эрсдэл бага эмнэлэг босгож л таарна.
Гэвч манайхан болгохыг хүссэнгүй. БНСУ-ын инженерүүдийн зураг төслөөр барьж чадахгүй учраас л газар хөдлөлтөөр шалтаглан, барилгын өндрийг намсгасан гэж зарим хүн үзэж байна. Тийм байх магадлал өндөр. “Магнус сентурион констракшн” ХХК 139 тэрбум 950 сая төгрөгөөр тус төвийн барилгыг барих санал өгч, тендерт шалгарчээ. Уг нь энэ компани нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийг барилцсан туршлагатай. Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлгийг Австри улсын “Вамед” ХХК 250 ортой, евро стандартын Нэгдсэн эмнэлэг болгохдоо туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Магнус сентурион констракшн” компанийг ажиллуулсан юм. Гэхдээ энэ эмнэлэг 4 давхар л даа. 2022 онд Хавдар судлалын үндэсний төвийг засах тендерт “Магнус сентурион констракшн” компани бас шалгарч байжээ.

Улсын 1 дүгээр эмнэлгийн барилгыг яагаад ч юм ямар нэг гай ёс юм шиг дайрдаг. Өргөтгөл барина гээд 2012 онд 2 блок барихаар бас л БНСУ-ын компаниар зураг төсөл гаргуулсан ч Мэс заслын төвийн барилга сураггүй болж, Захиргааны барилга нь ашиглалтад орсон. Одоо Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын зураг төслийг өөрчиллөө. 2026 онд ашиглалтад оруулах ёстой ч амжихааргүй боллоо.
Хашаанаас өөр юмгүй тэр хоосон газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар 2024 оны намар орон нутгийн сонгуулийн өмнө эргэж, сэтгүүлчдийг цуглуулан “Улстөржилтөөс шалтгаалж томоохон төслүүд гацах ёсгүй. Хөрөнгө оруулалтуудын төсвийг бүтэн тавина” гэж мэдэгдсэн. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж ирсэн. Цаашид энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ төв ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох маш том боломж бүрдэнэ” гэж ярьсан юм.

Хэрэгтэйг нь хэн хүнгүй мэдэж байгаа ч ямар нэг байдлаар саад тотгор үүсээд байгаа нь эвгүй. Монголд хувийн эмнэлэг өндөр байж болж байхад, улсын эмнэлэг намхан байх ёстой болдог нь ойлгомжгүй. 1-р эмнэлгийн хажууд “Сонгдо” гээд 8 давхар эмнэлэг байж л байна. “Интермэд” эмнэлэг 9 давхар, “Грандмед” 7 давхар барилгатай.
1-р эмнэлэг эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах зориулалтын барилга бүхий төвтэй болбол дараа нь 2, эмнэлэг, 3-р эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг гээд бүгд эрхтэн шилжүүлэн суулгадаг болсон. Тэднийг бүгдийг нь ийм төвтэй, тусгай барилгатай болгох уу? Тэгвэл сайн л байна. Гэвч 14 жил амаараа барьсан төвөө ашиглалтад оруулж чадаагүй байж тэр юу л бол.
Манайх хүн амаа бодсон ч Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаа зориулалтын барилгатай болговол зүгээр байсан юм. Энэ албыг анх байгуулахдаа хүн амын тоо, дэд бүтэц, улсынхаа чадлыг ч бодолцсон байдаг. Гэтэл хүн ам ихтэй улсуудыг дуурайж, эмнэлэг бүрийн дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах зориулалтын барилга бүхий төв байгуулах нь “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгч болно.
Яагаад ч юм алба, дарга 2 адилхан юм. Бусдыг авраад, өөрөө хоосон үлддэг энэ албаныхаа хувь заяаг дарга нь давтчихлаа, хөөрхий. Үүсгэн байгуулагч нь гэхээр албатайгаа адилхан заяатай байх албатай юм уу? Алба, дарга 2-ыг хэлмэгдүүлэхээ боливол яасан юм?
2025-05-12 01:54:57
Эрүүл мэндийн сайдын хийж байгаа ажил төсөв тендерийн өөрөө завшаад Батчулуун эмчийг Өнөрөөтөй нийлж албаар гүтгэж шоронд хийсэн.