horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн жагсаал боллоо

post-img

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн жагсаал баасан гарагт зохион байгуулагдлаа.

Баярын жагсаал Москвагийн цагаар 10:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлж, хоёр цагийн хугацаанд явагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн ялалтын баярын парад 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байснаас гадна мөн ОХУ-ын түнш, найрсаг харилцаатай орнуудын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ирж оролцоод байна. Тодруулбал БНХАУ, Азербайжан, Вьетнам, Беларусь, Египет, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Тажикистан, Туркменистан болон Узбекистан гэсэн 13 орны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хайрцаглан оролцлоо.

Мөн Украин улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа Оросын зэвсэгт хүчний төлөөлөл тусгай хайрцаг болж жагсаалд оролцсоныг тус улсын хэвлэлүүд онцлоод байна.

Түүнчлэн Азербайжан, Армен, Беларусь, Босни-Герцеговин, Бразил, Буркина-Фасо, Венесуэл, Вьетнам, Гвинеи-Бисау, Словак, Серб, Египет, Зимбабве, БНХАУ, Конго, Куба, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркмен, Лаос, Монгол, Мьянмар, Палестин, Папуа Шинэ Гвиней, Этиоп гэсэн 26 улс орны төр тэргүүнүүд, Энэтхэг, Индонез, Никарагуа, ӨАБНУ-ын төр засгийн өндөр дээд түвшний албан тушаалтнууд, БНАСАУ-ын элчин сайд, ШХАБ, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага гэх зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл, дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон АНУ, Израил, Армен, Монгол улсын ахмад дайчид уригдан оролцлоо.

Ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан жагсаалд мөн нийт 10 мянга орчим цэргийн албан хаагч, “домогт танк” гэгддэг Т-34 загварын танкаас авахуулаад агаарын довтолгооноос хамгаалах S-400 пуужингийн систем, “Искандер” загварын тактикийн пуужин, “Ярс” загварын тив алгасагч баллистик пуужин, “Geranium-2” загварын нисгэгчгүй онгоц гэх зэрэг олон зэвсэг, машин техник хэрэгслийн цуваа оролцоод байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин парадыг нээж үг хэлсэн бол цэргийн жагсаалын дараа тэрээр олон улсын удирдагчдын хамт Александровын цэцэрлэгт хүрээлэн дэх нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд цэцэг тавьсан байна.

0/1000