horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп Швейцарьт явагдах уулзалтаас өмнө Хятадын импортод ногдуулсан тарифаа буулгахгүй гэв

post-img

Энэ долоо хоногийн бямба, ням гарагт Швейцар улсад явагдах АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээнээс өмнө Хятадын импортод ногдуулсан тарифын нэмэгдлээ буулгахгүй хэмээн онцгойлон мэдэгджээ.

Тэрээр тарифын бодлогоо танилцуулснаас хойш Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 145%-ийн тариф ногдуулаад байгаа билээ.

Амралтын өдрүүдээр Швейцарь улсад явагдах Америк-Хятадын худалдааны яриа хэлэлцээнд АНУ-ын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент, худалдааны төлөөлөгч Жеймисон Грир, Хятадын эдийн засгийн бодлого хариуцсан БНХАУ-ын шадар сайд Хэ Лифэнь оролцохоор болоод байгаа юм. 

Трамп мэдэгдэлдээ АНУ-ын Хятадтай хийж буй худалдаанд томоохон алдагдал хүлээж байгааг дурьдаж, тохиролцоонд хүрэхгүй байсан ч алдах зүйл байхгүй, Хятадыг хэлэлцээрийн ширээний ард суулгахын тулд тарифын хэмжээгээ буулгахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хоёр улсын хооронд худалдааны тарифын дайн эхэлснээс хойш 100 гаруй хувийн импортын тарифыг харилцан ногдуулаад байгаагаас гадна дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний энэхүү худалдааны дайн олон улсын эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгаа учраас Швейцарьт явагдах яриа хэлэлцээнээс гарах үр дүнг дэлхийн улс орнууд чих тавин хүлээж байна. 

Д.Трамп мөн энэ сарын дундуур Ойрхи Дорнодод хийх айлчлалынхаа үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Саудын Араб улсад хийх түүний айлчлалын хуваарьт В.Путинтай хийх уулзалт байхгүй гэсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг 5-р сарын дундуур Ойрхи Дорнодод айлчлал хийхээр төлөвлөөгүй гэдгийг мэдэгдсэн билээ.

0/1000