Microsoft компанийг үндэслэгч, Америкийн тэрбумтан Билл Гейтс ойрын 20 жилийн хугацаанд өөрийн нийт хөрөнгийн 99%-ийг хандивлахаа мэдэгджээ.
Тэрээр өөрийн Gates Foundation сангаар дамжуулан бараг бүх эд хөрөнгөө сайн үйлс, хандив тусламжийн үйл ажиллагаанд зориулах бөгөөд улмаар өөрийн сангийн үйл ажиллагааг 2045 онд бүрмөсөн зогсоохоор шийдсэн байна.
Өдгөө 69 настай Билл Гейтс энэ талаараа www.gatesnotes.com хэмээх өөрийнхөө блог вебсайтад пүрэв гарагт урт нийтлэл оруулж, мэдэгдсэн байна.
“Хүмүүс намайг таалал төгссөний дараа миний талаар олон л зүйл ярьж бичих болно, тэдний дунд “тэр баян чигээрээ үхсэн” гэж бичүүлэхгүй байхын төлөө би явах болно” хэмээн Билл Гейтс нийтлэлдээ бичжээ.
Мөн тэрээр нийтлэлдээ баян чинээлэг хүмүүс хураасан баялаг, эд хөрөнгөө нийгэмдээ буцааж өгөх үүрэг хүлээдэг талаар бичсэн Эндрю Карнегийн “Эд баялгийн магтуу” хэмээх 1889 оны эссе бүтээлээс эш татсан байна. Түүнчлэн ийнхүү эд хөрөнгөө хандивлах болсон түүний шийдвэрт бусдад өгөхийн утга учрыг түүнд ойлгуулсан эх, эцэг хоёр, хөрөнгө оруулагч Уоррен Баффетт болон бусад филантропчид нөлөө үзүүлсэн болохыг онцолжээ.
Түүний Gates Foundation сан байгуулагдсан цагаасаа хойшхи эхний 25 жилийн хугацаанд 100 тэрбум ам.долларыг голцуу эрүүл мэнд болон хөгжлийн төсөл хөтөлбөрийн хандив тусламжид зориулсан бол ирэх 20 жилд 200 тэрбум ам.долларыг зарцуулах болно гэдгийг мэдэгдээд байна. Gates Foundation сангийн гурван гол зорилго болох эх хүүхдүүдийн амь насанд халтай урьдчилан сэргийлэх боломжтой өвчинг устгах, хумхаа, улаанбурхан зэрэг халдварт өвчинг устгах, олон зуун сая хүнийг хамарсан өлсгөлөнг устгах явдлыг нийтлэлдээ онцолжээ.
Билл Гейтс мөн нийтлэлдээ ойрын 20 жилийн хугацаанд өөрийн хөрөнгийг хэрхэн хандивлах тухай он цагийн хуваарийг багтаасан байна. Төгсгөлд нь тэрээр “ойрын 20 жилийн хугацаанд олон үйл явдал болж өнгөрөх болно, би хувьдаа энэ хугацаанд дэлхийн хөгжилд анхаарлаа хандуулах болно, цаг явж эхэллээ, би үлдсэн цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх болно” гэжээ.
Өнөөдөр түүний нийт хөрөнгийн хэмжээ 108 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд нийт хөрөнгийн 99%-ийг хандивласан ч тэрээр тэрбумтан хэвээрээ үлдэх хэмжээний хөрөнгөтэй хүн юм.