Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Энэ хүрээнд өнөөдөр төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд төрийн тэргүүн оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэх юм.
Сувилагчдын өдрийн хүрээнд жил бүр тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 12 мянгга орчим сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.
Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гэж үздэг.