“Хүйсийн тэгш эрх ТББ”-ын захирал Г.Ганбаясгахтай ярилцлаа.

——————————————————————————
-Бэлгийн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг гэсэн судалгаа гарсан байсан. Хүүхдийн хамгийн аюул гүй, тайван байх ёстой орчин нь гэр орон байтал яагаад хүүхдүүд гэртээ гэмт хэргийн хохирогч болоод байна вэ?
”Хүйсийн тэгш эрх” ТББ нь 2001 оноос эхлээд өнөөдрийг хүртэл бэлгийн хүчирхийлэл болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод туслалцаа үзүүлж ирсэн.
Мөн энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс, хохирогчид үзүүлж буй үйлчилгээ, хэргийн шийд вэрлэлтийн талаар олон судалгаа хийсэн.
Судалгааны үр дүнгээс харахад бэлгийн хүчирхийллийн ихэнх тохиолдол гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн байдаг. Тухайн хүүхдийн хамааралтай, сайн мэддэг, ойр дотны, итгэл хүлээлгэж болохуйц хүмүүс хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг үйлдэж байгаа нь харамсалтай. Энэ төрлийн гэмт хэрэг яагаад илрэхгүй, далд байдаг гэхээр гэмт этгээд хохирогч хүүхдийг маш сайн мэддэг учраас урьдаас төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, айлгах уу, хуурч мэхлэх үү, сүрдүүлэх үү, эсвэл зодож өөрийнхөө эрхшээлд оруулах уу, бага зэргийн эд зүйлээр өөртөө татах уу гэдгээ маш сайн тооцдог гэсэн үг. Ураг төрлийнхөө хүмүүст бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 10-12 насандаа өртөж, ойролцоогоор 2-4 жил хүчирхийллийн нөхцөлд амьдарсан байдаг. Хохирогч хүүхдүүдтэй ярилцах үед тэд ихэнхдээ “Манай аниаг зодно гэсэн, ээжийг ална гэсэн, гэр шатаана гэсэн” гэж хэлдэг. Тийм учраас хүүхэд гэмт хэрэгтний шахалтаар асуудлыг нууцалснаараа гэрийнхнээ аварсан гэж боддог. Энэ утгаараа ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл бол хүүхдийн итгэлийг хөсөрдүүлж, аюулгүй байх орон зайг ашиглаж үйлддэг гэмт хэрэг.
-Ураг төрлийн хүчингийн гэмт хэргийн илэрч байгаа тохиолдол нь бага гэж ярилаа. Яагаад ийм байна вэ?
-Бүртгэгдэж байгаа гэмт хэрэг олон байна гээд бид шуурч байгаа ч бүртгэгдээгүй гэмт хэрэг маш олон бий. НҮБын Хүүхдийн сангаас дэлхийн 50 гаруй орноос бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн хэдэн хувийг нь мэдээлдэг вэ гэсэн судалгаа хийхэд 10 гэмт хэргийн нэг нь л илэрдэг гэсэн үр дүн гарсан байсан. Есөн гэмт хэрэг ард нь нуугдаад үлдсэн гэсэн үг. Манайх ч гэсэн үүнээс хол зөрөхгүй байх гэж бодож байна. Бэлгийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэй хүүхдүүд илүү өртдөг ч, эрэгтэй хүүхдүүд ч өртдөг. Жишээ нь, сүүлийн таван жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийт 4161 хүүхэд үзлэгт хамрагдсанаас эрэгтэй 263, эмэгтэй 3898 хүүхэд байсан.
ХЭҮК-оос хүүхдийн хүчирхийлэл үйлддэг хүмүүст “педофил” буюу сэтгэцийн эмгэгийг илрүүлэх ажлыг яаралтай хийхийг албан ёсоор санал болгож байгаа. Үүнийг холбогдох байгууллагууд яаралтай хийх шаардлагатай байна. Ингэснээр сэтгэцийн эмгэг илэрсэн тохиолдолд гэмт этгээдээс хохирогчдыг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг тодорхой болгож, хууль тогтоомжид тусгаж, хэрэгжүүлэх нэн чухал хэрэгцээ бий болсон. Яагаад дэлхийн улс орнууд гэмт этгээдүүдэд цахилгаан гав, химийн хөнгөлөлт тариаг хэрэглээд байна вэ гэдгийг судалж, манай улсад тохирох эсэхийг шийдэх хэрэгтэй. Учир нь педофил эмгэг нь бүрэн эдгэрэх боломжгүй байдаг. Тийм болохоор дахин өөр хүүхдийг хохироож, давтан хүчингийн гэмт хэрэг үйлддэг гэсэн үг. Санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг биш учраас гэмт этгээдэд оногдуулах хариуцлага, ял шийтгэл нь оновчтой байх ёстой. Ер нь энэ талын эрх зүйн орчин манай улсад үгүйлэгдэж байна.
-Ямар хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох нь их байдаг юм бол?
-Ураг төрлийн хүчин гэхээр ихэнхдээ хойд эцэг гэж хүмүүс ойлгодог. Гэтэл тоо мэдээнээс харахад төрсөн эцэг нь хүчиндсэн тохиолдол төдийлөн зөрүүтэй биш байдаг. Мөн хамгийн ойрын хүмүүс болох үеэл, нагац, өвөө, хол ойрын хамаатан садан хүртэл маш их холбогддог. Судалгаагаар хүчирхийлэл үйлдэгчдийн 62 хувь нь хамаатан, ойрын хүн, 25 хувь нь хөрш, багш, танил гэх мэт итгэл хүлээлгэдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс ихэвчлэн анхаарал халамж дутмаг орчинд өсч буй хүүхдүүдийг илүү их онилдог. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлтэй, маргаантай, архидалттай, гэр бүл цуцалж байгаа эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал нь суларч, ихэнх тохиолдолд хүүхдүүд эзэнгүй хаягдсан байдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд илүү их боломж олгож байгаа нь харамсалтай.
-Тэгвэл энэ асуудлыг бид яаж таслан зогсоох вэ. Асуудлыг хаанаас нь эхэлж шийдэх вэ?
-Асуудлыг том зургаар нь харвал бид хүүхэд төрөхөөс өмнө буюу гэр бүл зохиохоос бүх зүйлийг эхлэх ёстой. Гэрлээд хүүхэдтэй болохоосоо өмнө бид хоёр цаашид таарч тохирох уу, хүсэл зорилго нэгдэж байна уу гэдгээ мэдэх ёстой. Зарим залуу хосууд маань гэр бүл болж хүүхэд гаргаад, хэдхэн жилийн дараа салаад өөр гэр бүл зохиодог. Энэ зөвхөн эхнэр, нөхөр салж байгаа асуудал биш шүү дээ. Үүнээс болоод хүүхдүүд амьдралын хүндийг үүрч, зовлон бэрхшээлтэй нүүр тулах болдог. Энэ үед ихэнх тохиолдолд амьдрал ээжийн нуруун дээр ирж, ар гэрээ авч явж, ажил хийхийн тулд хүүхдүүдээ эзэнгүй орхиж, хэн нэгэн хүнээр харуулах, дахин гэрлэх гэх мэт сонголт хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Судалгаанаас харахад, хүчингийн гэмт хэрэг ихэнх тохиолдолд ээж, аавыг нь ажилдаа явсан хойгуур үйлдэгдсэн байдаг. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдээ хэн нэгэн хүнд захиж үлдээх, эсвэл цоожлоод явах нь ямар эрсдэл дагуулдгийг бид харж байна. Үүнд төр, хувийн хэвшил, ажил олгогч гээд талууд хоорондоо зөвшилцөж, эцэг эхийн ажлын цаг, ажиллах орчны уян хатан зохицуулалтыг гаргах хэрэгцээ хэдийнэ бий болсон. Харамсалтай нь бидний хамгийн аюулгүй гэж боддог орон гэрт бэлгийн хүчирхийллийн гурван гэмт хэрэг тутмын хоёр нь үйлдэгдэж байна. Үүнд анхаарлаа хандуулаасай.
-Эцэг эх, асран хамгаалагч нар яг юун дээр алдаад байна вэ?
-Бид хүүхдэдээ хаана ч явсан танихгүй хүнээс болгоомжил гээд хэлж, анхааруулдаг. Гэтэл энэ нь гэмт хэргийн гаралт бага хэсэгт анхаарлаа хандуулж байна гэсэн үг. Таньж мэддэг хүнээсээ хэрхэн болгоомжлохыг зааж өгөөгүйгээс хүүхдүүд ураг төрлийн бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна. Хүчирхийлэгч этгээд “Энэ чи бид хоёрын нууц шүү, чамайг хүнд хэлбэл гэрийнхнийг чинь бүгдийг нь ална, чи ээж, эгч дүү нартаа хайртай л бол дуугай байгаарай” гэх зэргээр хүүхдийг өөрийн эрхшээлдээ оруулдаг. Хүүхдүүд маань биеийнх нь аль хэсэгт хүрч болохгүй юм, өөрт нь таагүй байдлаар хүрвэл хэнд хэлэх талаар нас насандаа тохирсон мэдээлэлтэй байх хэрэгтэй. Эдгээрийг ээж аавдаа, эсвэл хамгийн дотны хүндээ хэлж байхыг багаас нь зааж сургах нь урьдчилан сэргийлэх эхний алхам юм.
-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хууль эрх зүйгээ чангатгах ёстой юу?
-Танихгүй хүнд хүчирхийлүүлсэн тохиолдолд ихэнхдээ шууд хуулийн байгууллагад ханддаг бол, ураг төрийн хүчин илрэх нь бага байдаг. Хохирогч жирэмсэн болсон, өвдсөн, бэртэж гэмтсэн, бэлгийн замаар дамжих халдвар авсан, амиа алдсан, тухайн үйлдлийг таслан зогсоохын тулд өөрийнхөө итгэж байгаа хэн нэгэн хүнд хэлсэн, эсвэл хөндлөнгийн хэн нэгэн хүн хараад таслан зогсоож байгаа тохиолдолд л илэрдэг. Өөр тохиолдолд ховор илэрдэг гэсэн үг. Тэгэхээр бид яаж илрүүлэх боломжийг нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Хууль тогтоогчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг бие даасан хууль гаргах хэрэгтэй. Судалгаанаас харахад бэлгийн дарамт, бэлгийн халдлагын асуудлыг таслан зогсоохгүй байгаа улсад хүчингийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг гэж үздэг. Монгол Улс одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуульдаа бэлгийн дарамт, бэлгийн халдлагыг гэмт хэрэгт тооцоогүй. Бэлгийн дарамтыг зөрчилд тооцож зөрчлийн хуульд л оруулсан. Энэ нь хүчингийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Бид жил бүр бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20-30 хувь өслөө гээд халаглаж ярихын оронд бодит шийдэл гаргаж, таслан зогсооход анхаарлаа хандуулах нь чухал байна.
-Тэгвэл хохирогч хүүхдүүдийг нөхөн сэргээх, хамгаалах тал дээр яаж анхаарах вэ. Цаашид аюулгүй байх орчин нь бүрдэж байна уу?
-Хохирогч хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээг зөвхөн хуулийн хугацаанд буюу шүүхээр асуудал шийдэгдтэл биш, мэргэжлийн хүмүүсээс удаан хугацаанд, хохирогчийг бүрэн нөхөн сэргээгдэх хүртэл үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үр дүнд нь тухайн хүүхэд эргэн хэвийн амьдралдаа ороход том дэмжлэг болно.
Таны эргэн тойронд ийм асуудал тохиолдоод, гэр бүлийнхээ нэр төрийг бодоод нуугаад өнгөрчихье гэж бодож байж магадгүй. Гэтэл өнөөдөр үүнийг нууж, дарагдуулснаар гэмт хэрэг дахин гарах нөхцөлийг бий болгодог. Энэ удаа баригдаагүй гээд дараагийн удаа хэн нэгнийг олзолж, дахин энэ гэмт хэргээ үйлдэнэ. Тиймээс мэдээлэл авсан л бол та тэр хүүхдийн ирээдүйн төлөө, бусад хүүхдийн ирээдүйн төлөө заавал хуулийн байгууллагад мэдээлж байгаарай гэж хэлмээр байна. Харин мэдээлсний дараа хэрэг шалгагдах явцад мэргэжлийн байгууллагад хандаж, хүүхдэдээ сэтгэл зүйн зөвлөгөө авч, аюулгүй байдлыг нь ханган, бусад үйлчилгээ туслалцаанд хамруулах нь үр дүнтэй. Мөн таны хүүхдийн хохирсон эрх бүрэн сэргэхгүй гэдгийг маш сайн ойлгох ёстой. Насан туршдаа сэтгэлийн шархтай болно. Ер нь төр, хууль хяналт, гэр бүл, албан байгууллагууд хамгийн чухал нь хүүхдийн эрх ашиг гэдгийг ойлгох ёстой. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй, хүүхдийн эрх ашиг үргэлж нэгдүгээрт байдаг.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа