horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Х.Баатархүү: Орос, Хятадыг холбох хийн хоолойн шинэ маршрут Манжуураар тойрно

post-img

Москва хотод болсон Ялалтын 80 жилийн ойн баярын үеэр ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд оров. Тэд энэ удаад юу, юу хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн талаар хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.

-Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хятадын дарга Си Жиньпин ОХУ-д айлчлахдаа В.Путинтай 20 гаруй хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зуржээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар ямар, ямар асуудал тохиролцов?

-Кремльд тавдугаар сарын 8-нд урт хугацаанд үргэлжилсэн Си Жиньпин, В.Путин нарын уулзалтын дараа ОХУ, БНХАУ-ын иж бүрэн стратегийн харилцан зөвшилцөл бүхий хамтын ажиллагааг шинэ эрин үед урагшлуулах талаарх маш олон агуулгыг дурдсан мэдэгдэл гаргасан. Энэхүү айлчлалын үеэр 20-иод бичиг баримтад гарын үсэг зурсан. Тухайлбал, био аюулгүй байдал, хилийн болон сансрын аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг чухалчилсан олон чухал бичиг баримтууд байгааг дурдсан байна. Мэдээж бактерлогийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг өмнө дурдагдаж байсан асуудлууд ч орсон байна. Ялангуяа геополитикийн энэ эрсдэлтэй үед Орос, Хятадын харилцаанд онцгой анхаарах, хоёр тал эргэлзээгүйгээр ямар нэгэн хамтын ажиллагааны дээд хязгааргүй харилцан ойлголцлыг улам бэхжүүлж, хамтран ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэсэн байгаа.

Нэлээд сонирхол татаж байгаа асуудал бол ОХУ-аас Хятад руу нийлүүлж буй байгалийн хийн хэмжээ 2024 оны жилийн эцсээр нэг жилд 38 тэрбум тонн хүрсэн байна. “Сибирийн хүч I”ийн ашиглалт үндсэндээ 60 гаруй хувьтай болсон байгаа. Харин “Сибирийн хүч II”-ийн талаар яриа хэлэлцээ дөрөвдүгээр сарын турш нэлээд идэвхтэй явлаа. Өнгөрсөн сард Хятадаас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханхуй энэ талаар хоёр ч удаа албан ёсны байр суурь тайлбарууд хэвлэлд өгүүлсэн байна лээ. Энэ үед “Сибирийн хүч II” хийн хоолой Казахстанаар дамжих боломж багатай гэдэг байр суурь илэрхийлж байсан.

-Удаан хугацаанд саатаад байгаа “Сибирийн хүч-II” хийн хоолой тавих асуудлыг Орос, Хятад улс дахин хэлэлцэхээр тохиролцох шиг болсон. Хийн хоолой яг хаагуур явахаар болж байна?

-Хоёр улсын төрийн тэргүүн дөрвөн цаг үргэлжилсэн ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээрийн дараа хэдийгээр албан ёсоор зурсан баримт бичиг дурдаагүй ч “Сибирийн хүч -II”-ийн хий дамжуулах хоолойн маршрут дээр өөрчлөлт гарсан байж болзошгүй гэсэн таамаглалуудыг олон улс судлаачид, тэр дундаа Хятадын судлаачид тэмдэглэсэн байна. Үндсэндээ хийн хоолойг гуравдагч орноор дамжуулахгүйгээр шууд татъя гэж байгаа бололтой. Манжуур-Забайкальскийн чиглэлд буюу өнөөгийн ОХУ-ын төмөр замын маршрутаар татах магадлал нэлээд өндөр болоод явчихлаа. Энэ талаар Япон, Хонконг, Хятадын судлаачид өгүүлэхдээ “Энэ том төслөөс Казахстан болон Монголын оролцох оролцоо эрс багасах, тэд тоглолтын гадна үлдэх магадлалтай боллоо” гэсэн таамаглалуудыг дэвшүүлсэн байна. Хятадын судлаачдын дүгнэж байгаагаар шууд татах “Сибирийн хүч-II”ийн чиглэл Манжуурын чиглэлээр явах магадлал харьцангуй өндөр гэжээ. “Сибирийн хүч-II” төслийн хүрээнд жилийн 50 тэрбум шоо метр кубын хий дамжуулах хүчин чадалтай хоолой баригдана. Энэ талаар шинэ яриа хэлэлцээ нэлээд өрнөж болох талаар ОХУ-ын ерөнхий сайдын орлогч А.Новак зэрэг албаны хүмүүсийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудаас ийм байр суурь цухалзаж байсан.

-Хийн хоолойн маршрут өөрчлөгдөх болсон шалтгаан юутай холбоотой вэ?

-Манжуурын буюу шинэ маршрут нь зайн хувьд 1000 гаруй км-ээр даялж байгаа. Хэрэв хийн хоолой Монгол Улсаар дамжвал гурван улсын төсөл болно. Тиймээс цаашдын бүтээн байгуулалт, ашиглалтын явц дахь засвар үйлчилгээ, гарч болох техникийн хүндрэлүүд, манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулсны төлбөр гэх мэт эдийн засгийн болон улс төрийн шийдлүүд нь хийн хоолойг Манжуурын чиглэлээр тавигдаж болзошгүй гэсэн санаачилга, саналууд нэлээд хүчтэй болоход нөлөөлсөн гэж харж байна. БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээнд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого, АНУ-аас Монгол Улсын газрын ховор элементийн салбарт нэлээд сонирхлоо илэрхийлж оролцох гэж байгаа зэрэг байдлууд нь хойд болон өмнөд хөршийнх нь шийдэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэсэн байна.

-Си Жиньпин, В.Путин нар хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, АНУ-ын эсрэг зогсохоо амлалаа хэмээн олон улсад мэдээлж байна. Ялалтын парадыг АНУ-д зориулсан мессэж хэмээн улс орнууд дүгнэж байх шиг. Цаашид дэлхийн геополиткийн асуудалд ямар өөрчлөлт гарахаар харагдаж байна?

-БНХАУ-ын дарга Си Жиньпини төрийн тэргүүний хувиар ОХУ-д 11 дэх удаагаа хийсэн албан ёсны айлчлал байлаа. Айлчлалын ерөнхий уур амьсгалыг харахад хоёр талын харилцаа маш ойр нягт байгаа нь ажиглагдлаа. Геополитикийн энэ эрсдэлтэй хүндрэлтэй үед нэгнийгээ харилцан түших юм. Бусад геополитикийн өрсөлдөгч нартайгаа дэл хийн олон улсын харилцааны дэг журмыг тогтооход хамтран ажиллах байр сууриуд нь улам ойртсон нь тэдний хийсэн мэдэгдлүүд болон айлчлалын үйл явдлуудаас харагдаж байлаа. Оросын төрийн өмчит хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнийг онцгойлон дурдсан байсан.

Ер нь Орос, Хятадын харилцааг улам гүнзгийрч, шинэ эрин үед өргөжүүлэн урагшлуулах гэсэн энэхүү агуулгын цаана хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн хамтын ажиллагаанууд дурдаж байгааг бид анхаарууштай. Хоёр талын хамтарсан мэдэгдэлд олон талт хамтын ажиллагаанд “G 20”, АПЕК, ШАХБ, “Бүс ба зам”, Евразийн эдийн засгийн хэлэлцээр гээд энэ том платформуудад нэгийгээ харилцан дэмжиж байгаа талаараа хамтарсан мэдэгдэлд дурдсан байсан. Хуучин нэг бүрчлэн ингэж дурддаггүй байсан. Тэгвэл энэ удаад онцгой дурдахаас гадна олон улсын хамтын ажиллагаан дахь зарим нэг шинэлэг олон талт платформуудаа ч нээлттэйгээр зарлаж байсан.

-Эдийн засгийн хувьд Орос, Хятадын хамтрал гүнзгийрвэл Монголд давуу болон сул тал нь яаж тусах вэ?

-ОХУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжөөд ирвэл Монгол Улсад нэн таатай, давуу тал бий болно гэж харж байна. Жишээлбэл, худалдаа нэмэгдэхийн хэрээр тээвэр нэмэгдэнэ. Тээвэр нэмэгдээд ирвэл Улаанбаатар төмөр замыг өргөтгөх, хүчин чадлыг нь сайжруулах зэрэг санаачилгууд хоёр хөршийн аль алинаас нь гарна. Мэдээж Монгол Улс ч бас ийм байр суурьтай байна. Худалдаа эдийн засгийн харилцаанд дахиад шинээр бий болох зүйл гэвэл Монгол Улс энэ хоёр том хөршийн дунд оршиж байгаагийнхаа хувьд худалдаа, тээвэр ложистикийн салбарт гол тоглогч болж оролцох боломж нэмэгдэнэ. Энэ утгаараа Хятад, Оросын худалдаа эдийн засаг өсөн нэмэгдэж байх үед Монгол Улсын хувьд эерэг таатай зүйлс харагдаж байна. Ер нь Хятад Оросын улс төрийн харилцаа өргөжөөд ирэхээр Монголд ирэх давуу болон сул талын аль аль нь байгаа.

-Орос, Хятадын харилцаа зузаарвал манай улсын геополитикийн орон зайг шахах эрсдэл үүсэх юм биш үү?

-Дэлхий дахины улс орнуудын блокчилж байгаа, олон тулгуурт бус хоёр тулгуурт болох гэх мэтийн хуучин дэг журмын нөхцөл байдал руу явах юм бол Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, улс төрийн гадаад орчинд таагүй уур амьсгал бий болох талтай.

-Орос, Хятад хоёр стратегийн түншлэлээ бэхжүүлэх хүрээнд төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглана гэжээ. Цаашид юань, рубль хоёрын аль нь давамгайлах бол?

-Мэдээж Орос-Хятадын харилцаанд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа чухал. 2024 онд 244 тэрбум ам.долларт хүрсэн худалдаа өнөө жил дахин өсөн нэмэгдэж байна. Хоёр талын худалдааны хамтын ажиллагаанд өөрсдийнхөө валютыг ашиглах гэсэн санаачилга 2022 оноос хойш эргээд явсан. 2024 онд хийгдсэн нийт худалдааны 36 хувь нь юаниар хийгдсэн. Харин рублиэр харьцангуй бага худалдаа хийгдсэн байгаа. Үүнээс харахад юанийг хоёр талын худалдаанд түлхүү төлбөрийн хэрэгсэл болгож байгаа юм. 2021 оны байдлаар хоёр улсын худалдаанд юаниар хийгдэж байгаа дүн 0.4 хувь байсан. Дөрвөн жилийн дотор энэ дүн 36 хувь болсон нь том өсөлт. Цаашдаа эрчим хүчний салбарын худалдаанд юанийг илүүтэй ашиглах гэж байгаа талаараа ОХУ-ын эрчим хүчний сайд онцгойлон дурдсан байна лээ.

-Ялалтын 80 жилд манай Ерөнхийлөгч уригдсан. Хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны уулзалт хийх үеэр юу яригдав?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон үйл явдал бол Монгол Улсын олон талт гадаад бодлогын амжилттай өрнөж байгаа, тэнцвэртэй гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн илрэл гэж харж байна. Бид Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс авахуулаад ЗХУ-ын буюу холбоотны талд тууштай зогссон. Тиймээс Монгол Улсын Төрийн тэргүүн энэхүү арга хэмжээнд оролцох, Улаан талбайд монгол цэрэг жагсах албан ёсны эрхтэй нэн чухал үйл явдал юм. Кремльд манай хоёр орны төрийн тэргүүн нар уулзахдаа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, Засгийн газрын холбогдох байгууллагуудын өргөтгөсөн уулзалт болсон. Үүний мөрөөр хоёр талын засгийн газрын байгууллагууд бас шийдвэртэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хоёр улсын гадаад худалдааны т энцвэргүй байдлыг засах, зарим хамтарсан т өслүүдэд хийгдэх хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэхэд ахиц дэвшил гарсан уулзалт, айлчлал болсон гэж харж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

М.Мөнхцэцэг

0/1000