Энэ жил 69 дэх удаагаа зохион байгуулагдах “Eurovision” дууны тэмцээн энэ долоо хоногт явагдана. Тодруулбал, 2025 оны “Eurovison” тэмцээнийг 5-р сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулж, ялагчаа тодруулах гэж байна.
Өнөө жилийн тэмцээнийг дүрмийн дагуу өнгөрсөн жилийн тэмцээний ялагч болох Швейцар улсын Базель хотод зохионо. 2024 оны “Eurovision” тэмцээнд Швейцарын оролцогч Nemo “The Code” хэмээх дуугаараа түрүүлсэн билээ.
Тэмцээний эхний хагас шигшээ шат мягмар гарагт, хоёр дахь хагас шигшээ пүрэв гарагт, харин ялагчийг тодруулах шувтаргын шат бямба гарагт болно. Энэ жилийн тэмцээнд нийт 37 орны оролцогчид өрсөлдөхөөр болжээ.
Хоёр жил өнжсөний дараагаар Монтенегро улс энэ жилийн тэмцээнд эргэн ирж байгаа бол өмнө нь оролцохоо мэдэгдсэн Молдов улс эдийн засгийн шалтгааны улмаас нэрээ татсан байна. 37 орны хамтлаг, дуучид оролцох хагас шигшээ шатнаас 26 орны оролцогчид шувтаргын шатанд тунаж үлдэх юм байна.
Энэ жилийн оролцогчдын уран бүтээлүүдийг багтаасан цомог 4-р сарын 18-нд цахим хэлбэрээр, 4-р сарын 25-нд CD хувилбараар гарсан бол энэ сарын 23-нд пянзаар худалдаанд гаргахаар болжээ.
2025 оны “Eurovision” тэмцээнийг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Швейцарын өргөн нэвтрүүлгийн корпорац хамтран зохион байгуулна. Тус тэмцээнийг албан ёсны “YouTube” сувгаараа шууд дамжуулна.