Орхон голын усаар Онги гол, Улаан нуурыг аварч, говийг усаар хангах “Орхон-Онги” төсөл гараанаас гарлаа.
Амь тавьж буй Онги
Онги бол хангайгаас говь руу урсдаг ганц гол. Хангайн нурууны өврөөс эх аван, ойт хээр, хээр, говиор Өвөрхангай, Дундговь, Өмнөговь сумын 8 аймгийн нутгаар дамжин, 437 км урсаж, Нууруудын хөндийд ирж, Улаан нууранд цутгадаг. Улаан нуур бол Нууруудын хөндийн хамгийн зүүн талд байрладаг, том нуур байлаа. Гэвч Онги гол үе үе тасарч, Улаан нуур ширгэхдээ тулжээ.
Онги гол Өвөрхангайн төвөөр урсан өнгөрөхдөө 1 ам км талбайд 120 шоо м устай байдаг бол Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 33 шоо м болж очдог. Энэ голыг Арвайхээр хүртэл урсах замд нь Таримал, Шуранга, Баруун-Улаан, Зүүн-Улаан, Бөөрөлжүүт, Өвөр-Өлт, Өвт зэрэг горхи нийлдэг. Үүний зэрэгцээ цэвдэгтэй, хад чулуутай хөрсөн дээгүүр, уулсын дундуур урсана. Иймээс энэ хавьд ус ихтэй болж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 4.71 м3 хүрдэг.
Харин эндээс доош урсахдаа өргөн тэгш хөндийгөөр ус нь тарж, хэд хэд салаалж задгайрна. Үүний нөлөөгөөр урсац нь багасаж, ус нь уурших нь ч ихсэн, Дундговийн Сайхан-Овоо сумын Хошуу хийдийн туурь хүрч, сэвсгэр хөрсөнд шургаж алга болдог. Юун Улаан нуур. Тэнд хүрч чаддаггүй. Хаврын шар ус, зуны борооны үеэр л Улаан нуур хүртэл урсдаг болжээ. Энэ янзаараа бол Онги гол бүрмөсөн амь тавина.
Ууршиж алга болсон Улаан нуур
Онги ирэхгүй бол Улаан нуур ууршсаар алга болдог. Улаан нуур бол Өмнөговийн Мандал-Овоо, Булган сумын заагт байрладаг, талбай томтой, гүехэн нуур. Говийн хурдаснаас болоод энэ нуур улаан өнгөтэй харагддаг тул ийм нэр авчээ. Онгиос гадна Говь-Алтайн нуруунаас эх авах Сухайт, Лиг, Цагаан горхи, үерийн ус энэ нуурыг тэжээдэг байсан ч бас л татарчээ.
Ер нь энэ нуур үеийн үед Онги голоос байнга хамааралтай байдаг аж. Зөвхөн одоо ч биш, 1957 онд ёроол нь гарсныг гидрогеологчид тэмдэглэжээ. Тэр үед Онгийн эх авдаг Хангайн нуруунаас их хэмжээний мод үйлдвэрлэлийн зориулалтаар огтолсон байна. Мод огтолсны дараа цэвдэг хайлж, Онги үерлээд, дараа нь ус нь эрс татарч, нэгэн хэвийн урсахаа больжээ. Үүнийг далимдуулан, Улаан нуурын зэгсийг хадаж, мал тэжээгээд дуусгачихжээ.
Онги гол 1977 оны намраас 1988 оны хавар хүртэл Улаан нууранд ирээгүй байна. Энэ нь Онги голын эрэг дагуу усалгаатай газар тариалан эрхэлсэнтэй холбоотой байв. 1993 оноос хойш Онги гол дагуу алтны олон уурхай нээгдэж, энэ голд алтаа угаадаг болсон юм. Тэр үеэс Онги бүрмөсөн амь тавихад бэлэн болж, үерийн ус л Онгийг үе үе сэхээн амьдруулж байгаа аж. 40 км өргөн, 45 км урт, 11-15 м гүн байсан энэ нуур 1997 оноос хойш усгүй шахам, шал болоод байна.
Орхоны усаар Онгийг тэтгэж, Улаан нуурыг сэргээнэ
Онги ирвэл амь орж, Онги ирэхгүй бол ширгэдэг Улаан нуурыг байнга устай байлгах нэрээр Засгийн газар “Орхон-Онги” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Энэ бол 2024-2028 онд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 1 юм. Уг төслийн хүрээнд Онги голын эхэнд усан цогцолбор байгуулна. Үүгээр гадаргын усыг хэрэглэх жишиг Монголд тогтоохоор зорьж байгаагаа БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа онцлов. Уул уурхай, үйлдвэрээс эхлээд машин угаалгын газар, жорлондоо хүртэл гүний цэвэр ус хэрэглэдэг явдлыг халахад энэ төсөл үлгэр жишээ болох учиртай аж.
“Аливаа нуурыг сэргээх үндсэн арга бол тэр нууранд цутгадаг голыг сэргээх. Улаан нуурыг сэргээхийн тулд Онги голыг сэргээхээс өөр аргагүй. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлбэл Төв Азийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сайн жишиг болж үлдэх юм” гэж Усны газрын дарга З.Батбаяр ярив.

Үнэхээр ч Улаан нуур сэргэвэл говийн хүн, мал, амьтан, жигүүртэн амарна. Наад зах нь малчид худгаас малаа услахгүй, амьтад ус хайж говиор бэдрэхгүй, нүүдлийн шувууд эцэж цуцталаа нисэхгүй болно. Энэ хавийн 30 гаруй мянган хүн, 230 мянган мал, ногооны талбай устай болно. Зэрлэг амьтад цангаагаа тайлах устай, нүүдлийн шувууд жигүүр амраах нууртай болно.
Манай улс бүх зүйлд гүний ус ашигладаг. Нүүрсээ хүртэл гүний усаар угааж байна. Тиймээс гадаргын усыг үйлдвэрлэлд ашиглахаар “Орхон-Онги” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Үүний үр дүнд төсвийн орлого нэмэгдэнэ. “Орхон-Онги” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Хайдродизайн прожект”, “Престиж инженеринг”, “Монхидро констракшн”, “Жемр” ХХК зэрэг 14 аж ахуйн нэгж, 200 гаруй мэргэжилтэн хамтран 2021 онд боловсруулжээ. Уг төслийн зорилго нь Орхон голын усаар Онги голын урсацыг тэтгэн, Улаан нуурыг сэргээх юм.
Орхоноос Онгид нийлүүлэх усыг
Мөнгөт ууланд тохируулна
Орхон гол дээр усан цогцолбор барихын тулд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Хамар уул, Хужирт сумын нутаг дахь Майхан уул, Мөнгөт уул гэсэн 3 газрыг судлаад, Мөнгөт уулыг сонгож, нарийвчилсан тооцоо, судалгаа хийжээ. Мөнгөт уулын нэг хөндийг 53 м өндөр, 800 м урт бетоноор бооно. Ингэснээр дунджаар 15.3 км урт, 2.97 км өргөн, 44.45 шоо м талбайтай, 598 сая шоо м эзэлхүүнтэй усан сан бий болох аж.
Энд усан цахилгаан станц бүхий цогцолбор байгуулж, 2 турбин суурилуулан, 3.5 МВт цахилгаан үйлдвэрлэнэ. Уг усан сан Орхон голын уснаас Онги руу нийлүүлэх усыг тохируулах, цахилгаан үйлдвэрлэх, гадаргын ус нөөцлөх, загас үржүүлэх, аялал жуулчлалын бүс бий болгох зэрэг олон зориулалттай. Усан санг 1000 гаруй хүн оролцуулан, 3-4 жилд барьж, 3.5 жилийн дотор усаар дүүрнэ гэж тооцжээ.

“Орхон-Онги” төслийг Онги-Цагаанбургастай усан цогцолбор барих ажлаар эхэлж байна. Үүний хүрээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутгаар урсах Онги-Өвт голын бэлчир, Цагаанбургастай, Дундговийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онгийн хийд зэрэг газрыг судлахад, техникийн хувьд хамгийн боломжтой нь Цагаанбургастай байжээ.
Орхон-Мөнгөт уул усан цогцолбороос Өмнөговийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхай хүртэл ус дамжуулах 509 км урт хоолой татахаар төлөвлөжээ. Энэ байгууламж үндсэн 4 хэсэгтэй.
Орхон-Мөнгөт уул усан цогцолбороос Орхон голын жилийн дундаж урсацын 5% буюу хоногт 150 мянган шоо м ус Онги голд дамжуулна. Үүнийг дамжуулахын тулд Орхон-Мөнгөт уулаас Онги-Цагаанбургастай хүртэл ус дамжуулах 71 км урт байгууламж барина. Ус дамжуулах байгууламжийн хамгийн өндөр цэг буюу Өвөрхангайн Хужирт сумын Цэцэгмодны дөрөлжид 50 мянган шоо м усан сан байгуулахаар төлөвлөжээ. Ус дамжуулах байгууламжийн төгсгөлд үүсэх түрэлтийг ашиглан, цахилгаан гаргаж авахаар энд 2 МВт хүчин чадалтай УЦС байгуулна.
Онгийн усыг Цагаанбургастайд бооно
Онги-Цагаанбургастай усан цогцолбор байгуулснаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цагаанбургасанд 65 сая м3 эзэлхүүнтэй, 6.5 км2 хэмжээтэй хиймэл нуур үүсгэнэ. Энд 700 м урт, 26 м өндөр шороон боомт байгуулна. Энд усан цахилгаан станц, цахилгаан дэд өртөө, ус авах барилга зэрэг байгууламжаас бүрдэнэ. Усан цахилгаан станц нь 2 турбинтэй, 0.5 МВт хүчин чадалтай байх аж. Энэ цогцолбор Онги голын урсацыг тохируулах, цахилгаан үйлдвэрлэх, гадаргын ус нөөцлөх, аялал жуулчлал хөгжүүлэх ач холбогдолтой.
Энэ сангийн усыг Онги голд урсацын хэмжээ, цаг агаарын байдлаас хамаарч нийлүүлнэ. Усан сангаас Онги голын урсацыг тохируулна гэсэн үг. Бороо орохгүй, Онги татраад эхэлбэл усан сангаас ахиухан ус Онгид нийлүүлэх бол хур элбэг үед усан сангаа хаах жишээтэй.
Онги-Цагаанбургастайгаас Онгийн хийд хүртэл ус дамжуулах байгууламж Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт, Баянгол, Дундговийн Сайхан-Овоо суманд байрлана. Энэ хооронд ус дамжуулах шугам 155.94 км урт. Үүгээр секүндэд 1.2 шоо м ус урсаж, 400 л-ийг нь Сайхан-Овоо сумын дэргэд Онгид нийлүүлнэ. Үлдсэн усыг цааш дамжуулна.
Онгийн хийдийн хөндлүүрээс Мандал-Овоо, Улаан нууранд ус дамжуулах байгууламж нь Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Өмнөговийн Мандал-Овоо сумын нутагт байрлана. Энэ хооронд 80 км урт шугам татаж, секүндэд 0.8 шоо м ус дамжуулах замдаа хүн ам, хөдөө аж ахуйд зориулан 5 газарт ус гаргана. Энэ шугамнаас Мандал Овоо сумын дэргэд Онги голд 0.3 шоо м/с ус нийлүүлнэ. Үлдсэн усыг цааш дамжуулна.
Мандал-Овоогоос Тавантолгой хүртэл ус дамжуулах 202 км урт байгууламж нь Цогт-Овоо сумын нутгаар дайран, Цогтцэций хүрнэ. Хоногт 43.2 мянган шоо м усаар Тавантолгойг хангана.