horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Америк, Хятадын худалдааны яриа хэлэлцээнээс томоохон ахиц дэвшил гарсан гэж мэдэгдэв

post-img

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Швейцарь улсад явагдсан Америк, Хятадын худалдааны яриа хэлэлцээнээс томоохон ахиц дэвшил гарсан талаар хоёр улсын зүгээс мэдэгдээд байна.

АНУ-ын худалдааны төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент энэ удаагийн яриа хэлэлцээг “бүтээлч, үр бүтээмжтэй” хэмээн тодорхойлсон бол БНХАУ-ын шадар сайд Хэ Лифэнь “гүн гүнзгий, илэн далангуй хэлэлцээ явагдсан” хэмээн хэлсэн байна.

Түүнчлэн хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн асуудлаар зөвлөлдөх механизмыг үүсгэн байгуулж, яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэн явуулахаар тохиролцсон талаар Хятадын шадар сайд мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарийн Женев хотноо зохиогдсон тэдний хоорондох худалдааны яриа хэлэлцээ хаалттай байдлаар явагдсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн 1-р сард Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулснаас хойшхи хоёр талын анхны нүүр тулсан уулзалт боллоо. 

Өнгөрсөн бямба гарагт явагдсан эхний өдрийн хэлэлцээний дараа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп яриа хэлэлцээг гайхалтай үр бүтээлтэй явагдаж байгаа талаар мэдэгдэж, хоёр улсын харилцааг цоо шинээр эхлүүлэх яриа хэлэлцээ болж байна хэмээн онцолж байсан юм.

Хэлэлцээнд оролцсон АНУ-ын худалдааны зөвлөх Жеймисон Грийр хэлэхдээ “бидний Хятадын түншүүдтэйгээ хүрсэн тохиролцооны дагуу АНУ-ын худалдааны алдагдлыг 1.2 их наяд ам.доллароор бууруулахаар болсон” гэжээ.

Эргэн сануулахад, Д.Трамп Хятадын импортод 145%-ийн тариф ногдуулсан бол БНХАУ-ын зүгээс хариу арга хэмжээ авч, Америкийн зарим бараанд 125%-ийн тариф ногдуулсан юм.

Хаалттай байдлаар явагдсан Америк-Хятадын худалдааны яриа хэлэлцээний талаарх хамтарсан албан ёсны мэдэгдлийг даваа гарагт гарган танилцуулах тухай АНУ-ын худалдааны сайд болон БНХАУ-ын шадар сайд нар мэдэгдсэн байна.

0/1000