horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Филиппин улсын дундын сонгуулийн санал хураалт болж байна

post-img

Даваа гарагт Филиппин улсын дундын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ удаагийн сонгуульд сонгуулийн насны 68 сая орчим иргэн оролцож саналаа өгөх боломжтой.

Тус улсын 6 жилийн хугацаатай сонгогддог ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны яг дунд нь явагддаг парламентын дээд, доод танхим болон засаг захиргааны нэгжүүдийн шат шатны удирдлагыг сонгох үндэсний хэмжээний томоохон сонгуулийн санал хураалт үргэлжилсээр байна.

Үүнээс хууль тогтоох байгууллагын дээд танхим болох Сенат, доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн сонгууль анхаарлын төвд байгаа юм. Сонгогчид энэ удаад 24 суудалтай Сенатын тал суудалд суух гишүүд болон Төлөөлөгчдийн танхимын бүх 316 гишүүнийг сонгох болно.

Түүнчлэн Филиппинийн бүх муж, хот, дүүрэг гэх мэтчилэн засаг захиргааны нэгжийн шат шатны удирдлагуудыг сонгох бөгөөд сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 07:00-19:00 цагийн хооронд явагдаж, сонгуулийн санал тооллогын урьдчилсан дүн даваа гарагийн үдэш гарах юм байна.

Энэ удаагийн сонгуулийн дүн, ялангуяа сенатын сонгуулийн дүн яаж гарахаас тус улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертегийн хувь заяа шалтгаалах болно. Учир нь түүнийг төрийн сангийн төсвийг буруу зарцуулсан хэргээр импичментээр огцруулах шүүх хурал хүлээж байгаагаас гадна нэгэн цагт хамтрагчид байсан Филиппинийн ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор болон дэд ерөнхийлөгч Сара Дутерте нарын улс төрийн зөрчил, хагарал хэнийх нь ялалт болон ялагдлаар өндөрлөхийг энэ удаагийн сонгуулийн дүн шийдэх юм.

Сенатад ерөнхийлөгч Маркосыг дэмжигчид олонх болсон тохиолдолд Сара Дутертег дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь импичментээр огцруулж, улмаар 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх эрхгүй болох ба сенатын зүгээс түүний импичментын шүүх хурлыг ирэх сарын эхээр явуулахаар товлоод байгаа юм. Хэрвээ сенатын 24 гишүүний 16 нь Сара Дутертег буруутай гэж үзвэл түүнийг дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах болно.

0/1000