Мексикийн буланг “Америкийн булан” хэмээн өөрчлөхгүй байх Мексик улсын удаа дараагийн хүсэлтийг үл тоомсорлосон шалтгаанаар Google компанийг шүүхэд өгсөн талаар Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мэдэгдсэн байна.
Google компанийн тухайд АНУ-ын ерөнхийлөгчийн зарлиг тушаалын дагуу өөрийн газарзүйн байршлын Google Maps үйлчилгээндээ Мексикийн булангийн нэршлийг “Америкийн булан” болгон өөрчилсөн бөгөөд энэхүү өөрчлөлт нь зөвхөн АНУ дахь хэрэглэгчдэд харагдаж, дэлхийн бусад улс орны хэрэглэгчдэд Мексикийн булан гэдэг нэршлээрээ хэвээрээ байх болно гэдгийг мэдэгдэж байсан юм.
Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мэдэгдэлдээ Google компанийн эсрэг гомдлыг хаана гаргаснаа дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Харин энэхүү асуудлаар Google компанийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл хараахан хийгээгүй байна.
Мексикийн төрийн тэргүүн мэдэгдэлдээ “Мексикийн буланг “Америкийн булан” болгож өөрчлөх тухай Трампын зарлиг тушаал нь тус булангийн зөвхөн АНУ-ын хэсэгт л үйлчлэх ёстой, АНУ-д Мексикийн буланг бүхэлд нь хамруулан нэрийг нь өөрчлөх эрх байхгүй” хэмээн Мексик улсын байр суурийг илэрхийлжээ.
Эргэн сануулахад, Д.Трамп тангараг өргөж, ерөнхийлөгчийн албаа хүлээж авсан эхний өдрөө Мексикийн булангийн нэрийг өөрчлөх тухай зарлигт гарын үсэг зурж байсан юм. Тэгвэл Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мөн АНУ өөр нэгэн газарзүйн байршлын нэрийг өөрчилж магадгүй байгаа талаараа цухуйлгасан. Мягмар гарагт эхлэх Ойрхи Дорнодод хийх айлчлалын үеэрээ Трампыг Персийн булангийн нэрийг өөрчилж, “Арабын булан” болгон нэрлэж зарлахаар төлөвлөсөн талаар Ассошиэйтэд Пресс агентлаг мэдээлжээ. Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи дээрх мэдээлэлд хариу болгож хийсэн мэдэгдэлдээ “энэ утгагүй цуурхал нь “худал мэдээлэл түгээн тараах кампанит ажлын нэг хэсэг” гэж найдаж байгаа бөгөөд хэрвээ үнэхээр үнэн бол ийм алхам нь “бүх Иранчуудын уур хилэнг дэвэргэх болно” хэмээн хэлсэн байна.