Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авч, хянахаар болсон. Түүний 5 өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.
Анхан шатны шүүх өөрийг нь гэм буруутай гэж үзэх хүртэл П.Батчулуун өмгөөлөгчгүй байсан юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх түүнд 2.6 жил хорих ял оноосон. Үүний дараа П.Батчулуун эмчийн ар гэрийнхэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан ярилцаж байгаад,Э.Ганбатыг өмгөөлөгчөөр авсан байдаг. Түүний өмгөөллийн хөлсийг П.Батчулуун эмчийн ар гэрийнхэн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан нийлж гаргажээ. Ийн өмгөөлөгчтэй болсон ч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ялыг нь хэвээр нь үлдээсэн юм. Үүний дараа өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Н.Ариунболд нар сайн дураараа П.Батчулуун эмчийг өмгөөлж эхэлжээ.
Энэ талаар П.Батчулууны охин Б.Хонгорзул “Аавд ах дүү нар нь “Өмгөөлөгч авахгүй юм уу” гэхэд “Зүгээр ээ. Буруу хийсэн юм надад байхгүй. Хэн нэгнийг хохироох гэж санаатай хийсэн юм байхгүй. Мэдээ мэдээллийн зөрүүтэй байдал, ойлголцлын зөрүүнээс болсон зүйл. Аяндаа учир нь тайлагдана” гээд маш удаан явсан. Энд тэнд “Нотлох баримт аваачиж өгч байна” гээд яваад байдаг байсан. “Аав аа, цагдаагийн байгууллагад очиж байгаа юм чинь өмгөөлөгч авахгүй юм уу” гэхээр “Зүгээр ээ. Мэдээлэл аваад ир гэсэн. Аав нь ямар ч асуудалгүй. Буруу юм хийгээгүй” гэдэг байсан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад өөрийгөө хамгаалах, өөрийг нь гэрчлэх гэрчүүдийг дуудах хэрэгтэй байсан юм билээ. Цагдаагийн байгууллагыг буруутгаж байгаа юм биш. Өмгөөлөгч шаардлагагүйгээр болно гэж бодсон. Хуулийн мэдлэггүйгээсээ болсон.
Хууль зүй, анагаах ухаан гээд 2 өөр шинжлэх ухаан 1 цэг дээр уулзахад, анагаахын шинжлэх ухааныг 100% мэдэхгүй хүн үүнийг уншиж, сонсож, шийдвэр гаргана гэдгийг бид олж харж чадаагүй. Үүнээс болоод аав минь эрхээ бүрэн эдэлж чадаагүй. Ялтан боллоо гээд яллах дүгнэлт гэдэг цаасыг авсан цагаас өмгөөлөгчтэй болсон. Аавынхаа үгэнд оролгүй тэр дор нь өмгөөлөгч авсан бол энэ нөхцөл байдал өөр байх байсан болов уу.
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой ийм хэрэг хууль зүйн салбарт анх удаа гарч байгаа гэж ойлгосон. Шинээр бий болж буй маргаан учраас хуулийн байгууллагынхан ч бас маш олон зүйл бодож байгаа байх л даа. Ийм зүйл олон улсад яаж явдаг вэ гэдгийг хараасай” гэж time.mn-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
2025-05-13 02:14:31
үнэн ямагт ялдаг