УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаярын биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болсон. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байсан юм. Тэгвэл тус хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан байна. Тодруулбал, нүүрэндээ гэмтэл авсан Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаад гомдол гаргаагүй бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгохоос татгалзсан байдаг. Энэ ч утгаараа цагдаагийн байгууллагаас тухайн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, саналаа прокурорт хүргүүлжээ. Харин прокуророос уг хэргийг хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан цагдаагийн мөрдөгчийн саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Боловсролын сайд П.Наранбаярын нүд хөхөрч, оёдол тавиулсан гэдэг мэдээлэл бий. Гэхдээ Боловсролын сайд намын нөхрийнхөө эсрэг гомдол гаргаагүй учраас хэрэг ийнхүү хаагдаж байна.
Зодоон цохиондоо тулсан дээрх маргааны шалтгааныг УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь Боловсролын сайд П.Наранбаярыг нэр бүхий их сургуулийн ректорыг чөлөөлж, томилох асуудлаас болж, цохисон гэдгийг тухайн үед хамт байсан эх сурвалжууд мэдээлсэн байдаг.