horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хиймэл зүлгэн дээр хүүхдүүдээ хөлбөрүүлсэн шалдан Улаанбаатар

post-img

Монгол Улсын нийслэлийн төв талбайд энэ хавар хиймэл зүлэг дэвсэв. Түүн дээр хэвтэх, тоглох, ном унших хүүхэд, залуус өдөр бүр дүүрэн. 4704.4 км2 газар нутагтай нийслэлд хүүхэд, залуус хэвтэх зүлэг олдохгүй байна. Тийм болоод л тэд ингэж шороо тоос дарсан, хүмүүсийн гуталтайгаа гишгэсэн хиймэл зүлгэн дээр хэвтэж байгаа биз. Хувцсаа завааруулах гэж, тоос үнэрлэх гэж ийм юман дээр хэвтээгүй нь лав.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн холдоод, тийшээ явахаар түгжрээд, цагаа үрээд байгаа учраас л зам дээр тааралдсан хиймэл зүлгэн дээр хэвтэж байна. Хот байгуулж мэддэг гадаадынхан хүүхэд хэвтэх, залуус ном унших зүлэгтэй бичил цэцэрлэгийг сургууль, хотхон бүрийн дэргэд байгуулдаг нь ийм л учиртай. Хэсэг хэвтэх гэж, заваараа ном унших гэж хотын зах руу явалтай биш. Цагаасаа хоцорсон найзыгаа хүлээнгээ, цонхолсон хичээлийнхээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэхээр, ер нь зүгээр л хэвтэх зүлэг хаа сайгүй байх хэрэгтэй.

Ийм л хотыг архитекторууд төлөвлөж, инженерүүд барих гэж хичээдэг ч манай эрх баригчид түүнийг нь бусниулж, бизнес эрхлэгчид мөнгөний нүдээр харсаар бий болгосон хотоо харцгаа! Хүүхдүүд чинь хиймэл зүлгэн дээр тоглож, залуус тийм л юман дээр сууж байна. Гадаадынхан биднийг гайхахын ихээр гайхаж, Улаанбаатарыг маань улаан шороо бужигнасан шалдан хот гэж шоолж байна. Үнэн юм чинь яалтай.

Ногоон байгууламж гэдэг үгнээсээ эхлээд, хотын маань хамаг зүйл буруу байна. Ногоон байгууламж гэж интернэтээс хайхаар автобус, байшин, зочид буудлын дээвэр дээр тарьсан зүлэг, мод гарч ирэх юм. Ямар нэг байгууламжийг ногоон, эко болгох тухай ойлголтыг ногоон байгууламж гэдэг ажээ.

Гэтэл манайд юун ногоон байгууламж. Тэр болтол өдий. Цонхон дээрээ ч цэцэг тарьж сураагүй байж, байшингийн дээвэр, тагтан дээр бичил цэцэрлэг бий болгох бол бидний хувьд үлгэр. Эхлээд газарт суулгасан модоо ургуулж чаддаг болох хэрэгтэй байна.

Хот дотор зүлэг, цэцэг, модтой бичил орчин, цэцэрлэг бий болгохыг хотын ой гэдэг ойлголтод хамааруулдаг ажээ. Гэтэл бид хотын ой, ногоон байгууламжаа ч ялгахгүй, хашааныхаа буланд суулгасан ганц модоо ч ногоон байгууламж гэж андуурч явна.

Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд барилга, цэцэрлэгийн харьцааг 50:50 байлгадаг бол манайд 100:0. Уг нь стандартад 70:30 гэж зааж өгсөн байдаг. Газрынхаа 70%-д нь барилга, байгууламж барьж, 30%-д нь бичил цэцэрлэг байгуулах ёстой. Гэвч зурган дээр л тэгж зураад, газар дээрээ барилга барьчихдаг. Их л сайндаа машины зогсоол хийдэг. Зогсоол ч үгүй орон сууц, их дэлгүүр зөндөө.

Улаанбаатар хотын ойн талбай 2022 онд 637.7 га байв. 2010 онтой харьцуулахад 3.6 дахин, 1 хүнд ногдох ойн хэмжээ 3.5 дахин өссөн байлаа. Гэвч хотын 1 хүнд ногдох ой Сүхбаатар дүүрэгт 6.7 м2,  Хан-Уул дүүрэгт 6.6 м2, Баянгол дүүрэгт 5.8 м2, Улаанбаатар хотод 5.1 м2 байв. Энэ нь Дэлхийн томоохон хотуудын дунджаас 4 дахин бага байгаа юм. Тэгвэл жилийн дараа буюу 2023 онд 1 хүнд ногдох ой 5.7 м2  болж нэмэгджээ. 2025 он гэхэд 1 хүнд 8 м2 ой ногддог болсон байх ёстой. 2040 он гэхэд бүүр 35 м2  болгохоор төлөвлөсөн. Гэвч ам, ажлын хооронд алд дэлэм зөрүү бий.

Улаанбаатар хотын 470.440 га газрын 83% нь иргэдийн өмч, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил. Үлдсэн 127 мянган га талбайн 126.920 га нь машины зам, зогсоол. Ой бий болгох газар манай нийслэлд байхгүй байгаа биз?

Тэгэхээр 1 хүнд 35 м2  ногддог хот болгоно гэдэг үлгэр шүү. Автобус, троллейбус, байшин, зочид буудал бүрийн дээвэр дээр мод тарьж, олон жил андуурч ярьсан ногоон байгууламж гээчээ бодитоор бий болгох гээгүй л бол шүү дээ. Тийм бол Төрийн ордон, Захирагчийн ажлын алба, Хангарди ордон, бүх яам, төрийн байгууллага, ЗДТГ, хорооны дээвэр дээр мод тарихаас эхэл.

Манай хот ердөө 98 га талбайд л хэдэн мод суулгаж, зүлэг тарьжээ. Юун 70:30. Улаанбаатар ойгүй хот гэдэг нь үүнээс тодорхой байна. Шалдан хот гэж шоолуулах нь ч аргагүй. Ийм шалдан хотод хүүхэд, залуус хиймэл зүлгэн дээр хөлбөрөхгүй яах юм.

0/1000