Америкийн реппер, продюссер Шон “Дидди” Комбсын шүүх хурал даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүхэд эхэллээ.
Өдгөө 55 настай уран бүтээлчийг рекет, бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэгчдийг тээвэрлэсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүний шүүх хуралд улсын яллагч, прокурорууд, Шон Комбсын өмгөөлөгчдийн баг болон өнгөрсөн долоо хоногт сонгогдсон 12 тангарагтны шүүгч, мөн 6 нөөц тангарагтны шүүгч оролцож байна.
Шүүх хурлын эхний өдөр прокурор Эмили Жонсон продюсер Шон Комбсыг олны танил алдар нэр хүндээ ашиглан охид, эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлж, мөн гэмт хэргийн үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгажээ. Түүнчлэн прокурорууд 2016 онд Шон Комбсын салсан найз бүсгүй Кесси Вентурагийн араас хөөж зодож буй цахим орчинд тархсан бичлэг дээрх зочид буудлын хамгаалагч болон найз бүсгүйтэй нь секс хийхийн тулд Шон Комбсоос төлбөр авсан тайчигч эрэгтэйн мэдүүлгүүдийг сонссон байна.
Шон Комбсын өмгөөлөгчдийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн бэлгийн амьдралыг “свингер” буюу бэлгийн харилцагчдаа солих дуртай, олон бэлгийн харилцагчтай гэдэг үүднээс нь тайлбарлан, хамгаалах оролдлого хийжээ.
Шон Комбс шүүх хуралд биечлэн оролцож байгаагаас гадна мөн шүүх танхимд эхний өдөр түүний ээж болон хүүхдүүд нь ирсэн байна.
Шүүх хурал ойролцоогоор 8 долоо хоног үргэлжлэх төлөвтэй хэмээн өмнө нь мэдээлж байсан бөгөөд мягмар гарагт үргэлжлэх шүүх хуралд дээр дурьдсан Шон Комбсын салсан найз бүсгүй, дуучин Кесси Вентура оролцож, мэдүүлэг өгөх юм байна.