horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Канадын реппер Tory Lanez Калифорнийн шоронд 14 удаа хутгалуулжээ

post-img

АНУ-ын Калифорни мужийн шоронд хоригдож байсан Канадын реппер Tory Lanez 14 удаа хутгалуулснаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний эсрэг халдлага орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 07:20 цагт болсон ба түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэхээс өмнө шоронгийн харгалзагч нар анхан шатны тусламж үзүүлсэн талаар тус шоронгийн зүгээс мэдээлэв.

Тэрээр Лос Анжелес хотоос хойд зүгт 120 км-т байрлах Калифорнийн засан хүмүүжүүлэх газарт хоригдож байсан бөгөөд өөр нэгэн хоригдол түүний ар нуруу, бие, толгой, нүүрэн тус газарт нийт 14 удаа хутгалсны улмаас хоёр уушги нь хэсэг хугацаанд ажиллагаагүй болж, амьсгалын аппарат залгасан ч удалгүй өөрөө амьсгалж чаддаг болоод байгаа талаар түүний Инстаграм хуудсанд мэдээлжээ.

Уран бүтээлчийн Инстаграм хуудсанд оруулсан мэдээлэлд мөн түүнийг тэсвэрлэшгүй хүнд өвдөлтийг мэдэрч байгаа хэдий ч сэтгэл санааны байдал хэвийн, мөн хүмүүстэй энгийн ярьж байгаа талаар бичсэн байна.

Өдгөө 31 настай реппер Tory Lanez-ийн жинхэнэ нэрийг Дейстар Петерсон гэдэг бөгөөд тэрээр 2020 онд нэгэн үдэшлэгийн үеэр эмэгтэй реппер Megan Thee Stallion руу гал нээж буудсан хэргээр 10 жил хоригдох ял шийтгэл авсан. Дээрх хэргийн шүүх хурал 2023 онд явагдаж, Tory Lanez-г галт зэвсэгтэй холбоотой гурван хэргээр ялласан юм.

Ийнхүү Америкийн шоронд ял эдэлж байхдаа хутгалуулсан Канадын репперт халдсан хэргийн мөрдлөг үргэлжлэн явагдаж байгаа талаар хэрэг гарсан Калифорнийн засан хүмүүжүүлэх газраас мэдэгдсэн ч репперыг хутгалсан сэжигтний уг халдлагыг үйлдэх болсон шалтгаан, сэдлийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Реппер Tory Lanez шоронд хоригдохоосоо өмнө Америкийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтанд багтсан нийт 7 цомгийг гаргаад байсан бөгөөд хоригдож байхдаа мөн “Peterson” хэмээн нэрлэсэн шинэ цомгоо шоронгоос гаргах талаараа цухас мэдэгдэж байсан ажээ.

0/1000