ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн жил бүр зохион байгуулдаг хаврын эртэч ургамалтай танилцуулах “Гүйлс цэцэглэх цагаар” өдөрлөг өнөөдөр (2025.05.14) болно. Уг өдөрлөг нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороон дахь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 10:00-14:00 цагийн хооронд болно. Сонирхсон бүх хүнд уг өдөрлөг нээлттэй. Бас төлбөргүй.
Энэ өдөрлөгөөр зөвхөн гүйлс төдийгүй буйлс, монос гэх мэт 5-р сард цэцэглэдэг ургамлуудтай танилцах боломжтой. Цэцэг ажиглах бол Дэлхий нийтээр дэлгэрч буй байгалийн аяллын 1 хэлбэр юм. Байгалиа танин мэдэхгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнох боломжгүй. Тиймээс өндөр хөгжилтэй орны боловсролтой, соёлтой хүмүүс байгаль дээр ургаж буй цэцэг, мод, бут, сөөг, өвс гээд олон ургамлыг таньдаг болохоор эрмэлзэж байна. Тиймээс цэцэг ажиглах аялалд хамрагдаж, өөрийн орны төдийгүй гадаадын сонин, содон, ховор ургамалтай танилцахыг зорьдог болжээ. Иймд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн “Гүйлс цэцэглэх цагаар” өдөрлөг зохион байгуулж байгаа юм.
Гүйлс бол хавар хамгийн түрүүнд цэцэглэдэг сөөгний нэг. Монголд Сибирь гүйлс (Armenica sibirica) гэх ганц зүйл нь Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод Монголын хотгор хөндийн хажуу, хээрийн сөөгөн шугуй, хад цохиот болон чулуурхаг хажуу, хад асганд 0.5-1.5 м өндөр ургадаг. Өргөн өндгөрхүү эсвэл зүрхэрхүү өндгөн навчтай. Ирмэг нь хөрөө шиг шүдлэг, урт бариултай.

Үл мэдэг ягаан туяатай цагаан цэцэгтэй. Навчнаасаа түрүүлж, цэцэг нь дэлгэрдэг онцлогтой. Энэ цэцгэн дээр нь зөгий, хэдгэнэ зэрэг бал, тоос цуглуулагч шавж цуглардаг. Тиймээс зөгийтэй айлууд энэ сөөгийг таривал хашаагаа ч гоёж, зөгийгөө ч хооллоно. Цэцэг нь унасны дараа жимсэлнэ. Жимсийг нь хүмүүс чангаанз гэдэг нэрээр нь мэддэг. Энэ жимсээр нь манай улс “Гүйлс” гэдэг чөмөгтэй чихэр үйлдвэрлэдэг байсан юм.
Уулын энгэрт ургадаг, гэрэлд дуртай ургамал. Сибирь гүйлсийг хашаа, цэцэрлэгтээ таривал сайхан цэцэглэдэг, хяргалт, таналт сайн даадаг. Гоёл чимэглэл болгож, эсвэл амьд хашааны зориулалтаар ургуулахад маш тохиромжтой.