Иргэн Г.С 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордны хаалганы орчимд 20 орчим хүнтэй хамт ирж, нэр бүхий УИХ-ын гишүүний туслахтай уулзах, түүнийг гаргаж ирэхийг шаардан орилж, Төрийн ордны хашаан дээр авиран гарчээ. Хамгаалалтын ажилтан түүнд шаардлага тавьж, буулгасны дараа дахин хашаанд авирч, хэрүүл маргаан үүсгэж, орилж хашхирч, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн байна.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс түүнийг Зөрчлийн тухай хуульд заасан “Олон нийтийн газарт бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр шалгаж, зөрчлийн хэрэгт нь шийтгэл оногдуулахаар 4 дүгээр сарын 22-нд Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Шүүх уг зөрчлийг 5-р сарын 12-нд хэлэлцээд, баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн 5 ширхэг си-ди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэн, түүнийг Зөрчлийн тухай хуульд заасан “Олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн” нь тогтоогдсон гэж дүгнэлээ.
Харин уг иргэний “Олон нийтийн газарт бусдыг өдөөн хатгаж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн” гэх зөрчил нь хавтаст хэрэгт байгаа баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх үзээд, хэрэгсэхгүй болгов.
Шүүх зөрчлийн хэргийг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт шийдвэрлэх хуультай. Үүний дагуу 4 дүгээр сарын 24-ний өдөр эхний хурал болж, нээлттэй явагдсан байна. Уг хуралд прокурор, эрх бүхий албан тушаалтан, холбогдогч нар оролцож, сонирхсон 5 иргэн ажиглагчаар оролцох хүсэлт гаргажээ. Үүнийг шүүх хүлээн авч, хуралд оролцуулсан аж.
Шүүх хурал эхлэх үед холбогдогч уг хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан байна. Ингээд Үндсэн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн “…өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах…” эрхийг хангаж, оролцогч нарын саналыг харгалзан, 5 дугаар сарын 8 хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ. 2 дахь удаад холбогдогч өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцсон боловч өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаж амжаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулахыг хүсжээ. Ингээд 5-р сарын 12 хүртэл 2 дахь удаа шүүх хурал хойшилсон байна. Гэвч 12-ны өдөр өмгөөлөгч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүх хурал давхардсан тул шүүх хурлыг дахин хойшлуулжээ. Ийн 5 дугаар сарын 13-нд шүүх хуралд болсон ч өмгөөлөгч шүүх хурал давхардсан гэх үндэслэлээр дахин хурлыг хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хурлыг хойшлуулах үндэслэл нь 2 ба түүнээс дээш удаа давтагдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хурлыг хойшлуулахгүй байж болно гэж заасан байдаг. Тиймээс шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлсэн аж.
Зөрчлийн тухай хуульд заасан танхайрах зөрчил үйлдсэн хүнд торгох болон баривчлах шийтгэлийн аль нэгийг сонгон оногдуулахаар хуульд заасан ба холбогдогчийн зөрчил үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан торгох шийтгэл оногдуулсан болно.
Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан ба хэн боловч төрийн тусгай хамгаалалтын бүсэд холбогдох албан тушаалтантай уулзах, нэвтрэх тохиолдолд албан ёсоор цаг авах, бүртгүүлэх, нэвтрэхдээ зохих журмын дагуу шалгуулах, холбогдох журмыг баримтлах, хууль ёсны шаардлага биелүүлэх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг баримтлах учиртай.
“Олон нийтийг үл хүндэтгэх” гэдэгт хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн, тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйлдэл хийхийг ойлгоно.