horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Д.Оюунгэрэл: Бидэнд эрүүл рационал сэтгэлгээ дутагдаж байна

post-img

МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн багш, доктор Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.

———————————————————————–

-Хүнийг өөртөө татаж тархи угаах явдал манай нийгэмд их ажиглагдах болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг үзэл санааны хувьд амьгүй болгож байна. та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монголчууд бид ёс суртахууны хувьд нэгдмэл үнэт зүйлийн чиг баримжаа сул байгаагийн илрэл юм болов уу гэж бодогдож байна. Тархиа угаалгана гэдэг бол бодож эргэцүүлдэггүй, шүүн тунгаадаггүй, яагаад ийм байх ёстой билээ, үүний шалтгаан юу билээ гэж учир шалтгааныг эрж хайдаггүй хүмүүсийн хувьд байдаг зүйл. Харин мэдлэг боловсролтой, ёс суртахууны хувьд зөв төлөвшсөн хүмүүс бол тархи угаах, тархиа угаалгах, бусдын үгийг эргэцүүлэлгүй дагах гэх мэт асуудалд орох нь ховор байдаг. Тэгэхээр бидэнд өөрсдийн уламжлалт соёл, зан заншлаа судлах, хэрэгжүүлэх, цаашлаад хүн төрөлхтний мэдлэг ухаан, философи сэтгэлгээнээс суралцах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч ирсэн байна. Философийн боловсролтой ард түмэнд бусдыг хий хоосон даган дуурайх, зөвхөн өөрт ашигтай үедээ л шударга ёсыг шаардан хашхирах хэрэгцээ байдаггүй юм.

-Ер нь энэ үйл явц цаашаа илүү даамжирвал тухайн хүнийг өөрийнхөө боол болгох, эрхшээлдээ оруулах төлөвт орох уу?

-Мэдээж бодож эргэцүүлдэггүй, сенсаци дэгдээсэн хэн нэгнийг дагаж хошуураад байдаг энэхүү байдал газар авч, ноёлох аваас бид хэзээ ч гол асуудалдаа анхаарч төвлөрч чадахгүй. Ийм хүмүүсийг хааш нь л бол хааш нь залах амархан байдаг шүү дээ. Бас ийм байдал удаан ноёрхвол бид асуудлын жинхэнэ мөн чанарыг биш, үзэгдэх, харагдах байдалд ач холбогдол өгсөөр байх болно. Энэ нь нэг талаасаа төөрөгдөл тул бидний сул дорой байгаагийн шалтгаан юм. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр бидэнд эрүүл рационал сэтгэлгээ дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, бид асуудалд эмоционал буюу сэтгэл хөдлөлийн үүднээс хандаж, нэг бол уярч дагаж хошуурч давлагаалан хөөсрөөд, үгүй бол уурлан бухимдаж, эсэргүүцэх байдал түгээмэл ажиглагдаж байгаа нь сайн зүйл хэзээ ч авчрахгүй. Бодож эргэцүүлэх үйл хэцүү л дээ. Тиймээс амархан юманд хүн татагддаг. Залхуурал, үл тоомсорлол, бодож сэтгэдэггүй байдлын илрэл бол таны асуусан асуултын хариулт хэмээх байна даа.

-Чи мундаг, би чам шиг хүнтэй урьд өмнө нь таарч байгаагүй гэх худал үгэнд итгэж, хөөрч буй хүн өөрөө ямар түвшний хүн бэ?

-Үнэхээр сайн сайхан хүнтэй таарсан бол түүнд энэ үгийг хэлж болно шүү дээ. Харин тийм биш хүнийг хөөргөж магтах нь өөр хэрэг болно. Тэнэг хүнийг магтаж, алдаг гэж тэр байх. Хий хоосон магтаалд толгойгоо мэдүүлэх нь төлөвшиж амжаагүй хүний үйл. Хуурамч магтаалд хэвийн бус хүмүүс л итгэдэг. Хоосон магтаалд татагдах, худал хуурмагт баригдах, түүнд дасах, аливаа зүйлийн мөн чанарыг харахаа байх нь сэтгэлгээний доройтлын илрэл юм.

-Ер нь тархи угаах үзэгдэл аль салбар, ямар түвшний хүмүүст хамгийн их тохиолддог вэ?

-Энэ талаар би нарийн судалгаа хийгээгүй учраас аль салбарт илүү байдгийг хэлж мэдэхгүй юм. Хувь хүнийхээ үүднээс ажиглалтаа хэлэх юм бол улс төрийн хүрээнийхэнд энэ үзэгдэл ажиглагддаг. Санал авахын тулд худал амлалт, биелэгдэхгүй зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгах нь энүүхэнд болсон. Түүнээсээ ичиж эмээж байгаа ч юм алга. Энэ байдал нь нийгмийн ёс суртахуунд асар хортой тусч байна. Эрх мэдэлтнүүдийн хууран мэхлэлт, шударга бус, нэг талыг барьсан байдал, хуурамч амлалтад иргэд дасах, түүнийг үл тоох нь хамгийн том хор уршиг мөнөөсөө мөн. Улстөрчдийн амлалтаар бол Улаанбаатар хотын иргэд метрогоор зорчиж, түгжрэл гэдгийг ор тас мартсан, гэр хороололгүй, утаагүй цэвэр агаараар амьсгалсан, хүүхдүүд нь Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбортой тэндээ гоо зүйн болон бие бялдрын хөгжилдөө анхаараад байж байх ёстой байлаа. Нэрт сэтгэгч Платоны “Төр улс” зохиолд өгүүлсэнчлэн зүйрлэх юм бол өнөөгийн бид улстөрчдийн худал амлалтад дөнгөлүүлсэн хоригдлууд болсон. Дийлэнх хүн үнэнийг мэддэггүй. Бодит байдал дээр зөвхөн үнэний “сүүдэр”-ийг л харж, түүндээ итгэж амьдардаг. Энэ байдалдаа дасаж, түүндээ итгэлтэй учраас тэд өөрсдийгөө бүгдийг мэддэг гэж боддог хэмээн тус зохиолд өгүүлдэг шүү дээ. Хамгийн харамсалтай зүйл нь иргэдийг дөнгөлдөг улстөрчдийг дэмждэг таашаадаг хүмүүс бодсоноос хавьгүй олон. Бүр эрдэмтэн гэх хүмүүс ч улстөрчдийн гар хөл болж, тэдний өмнөөс дуугардаг. Энэ нь эргээд улстөрчдөд “Бид шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого шийдвэр гаргаж байна” гэх бамбай болж өгч байна.

-Үүний эсрэг ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Шинжлэх ухаан, технологийн ачаар өнөөгийн хүмүүсийн амьдралын чанар дээшилж, материаллаг хэрэглээний хувьд харьцангуй сайн болсон ч бидний өмнө шийдвэрлэх олон асуудал байна. Нийтлэг үнэт зүйлээ эрхэмлэх, түүнийхээ төлөө бүгд санаа тавьдаг байх, эрүүл сэтгэлгээний үүднээс асуудалд хандах нь чухал. Хэрвээ ингэж сурах юм бол бид хөгжлийн хэт гаж байдлыг хүлээж авдаггүй, гаж суртлыг зөв мэтээр сурталчилдаггүй, түүнд тархи толгойгоо мэдүүлдэггүй, хоосон магтаал, амьдралын зорилгогүй байдалд дасахгүй гэх мэт олон зүйлийг өөрчилж чадна. Юунаас эхлэх вэ гэхээр үндэсний онцлогийг тусгасан боловсролын үзэл баримтлалаа боловсруулах, хүн төрөлхтний философи сэтгэлгээнээс суралцах гээд хийх хэрэгжүүлэх зүйлдээ л эхлээд анхаарах ёстой байх хэмээн бодож байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам

0/1000