Газар эхээс заяатай
Ганган цэцгийн дэлбээг
Хүн та өөрөө
Хөндөж битгий таслаарай. Ая нь амандаа аяндаа орж, өөрийн мэдэлгүй дуулж байна уу. Энэ дуунд гардаг алтанзул цэцэг Ховдын хөх уулс, Увсын цэнхэр хязгаарт л ургадаг. Ховд, Увсдаа ч ховор. Энэ аймгийнхнаас бусад нь амьдралдаа үзээгүй, за бараг үзэх ч үгүй байж мэдэх цэцэг. Ийм ховор цэцгийг Ховд, Увс явахгүйгээр Улаанбаатарт үзэх боломж байдаг.
Хаана вэ гэж үү? Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд. 1964 онд байгуулагдсан тус хүрээлэнг байгаль дээр ургадаг зэрлэг цэцэгсийн хүлэмж гэж хэлж болно. Монгол орны байгалийн ургамлыг хамгаалан авч үлдэх зорилгоор байгуулсан энэ цэцэрлэгт ганццэцэгт алтанзул, монгол-алтанхундгана, Байтагийн сарнай, буржгар сараана, Кузнецовын хорс, цагаан цээнэ гэх мэт олон гайхамшигтай цэцэг ургаж байна. Эдгээр цэцгийг байгаль дээр олж үзнэ гэхэд тун яггүй. Амьтан шиг жилийн турш байдаггүй, зуны 3-хан сар ургахдаа 5-15 хоног л цэцэглэдэг. Цэцэглэх үеэр нь л олж очихгүй бол дахиад бүтэн жил хүлээнэ гэсэн үг.
Ийм ховор, нандин, чамин, тансаг цэцэгсийг ийш тийш хайж явалгүйгээр, төлбөр төлөхгүйгээр Улаанбаатарт үзнэ гэдэг бол алдаж болохгүй алтан боломж юм. Ийм боломжийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн ноднингоос иргэдэд олгодог болжээ. Гэхдээ жилд ганцхан удаа. Яг ийм боломж өчигдөр тохиов.
Ганццэцэгт алтанзул
Хавар эрт цэцэглэдэг тансаг цэцэгсийг иргэдэд “Гүйлс цэцэглэх цагаар” өдөрлөгөөрөө танилцууллаа. Алтанзул цэцэглэжээ. Шар өвсөн дундаас алтан шар цэцэг нь цухуйжээ. Дэлхий дээр сараана цэцгийн овогт багтдаг, алтанзул цэцгийн 95 зүйл бий.


Гэвч тэр олон зүйлийн алтанзулаас Монголд ганццэцэгт алтанзул (Tulip uniflora) гэх ганцхан зүйлийг нь байгаль заяажээ. 1 булцуунаас ганцхан цэцэг ургадаг учраас үүнийг ганц цэцэгт алтанзул гэдэг. Маш ховор учир энэ цэцгийг Монгол Улсын “Улаан ном”-нд оруулан, нэн ховор ургамлын жагсаалтад бүртгэж, түүхийг хориглосон юм. Жил бүрийн 5-р сарын дундуур цэцэглэж, цэцэг нь 7-8 хоног амьдраад хагдарна. Яг энэ үед нь үзэж чадахгүй бол дараа жилийг хүлээнэ гэсэн үг. Дараа жил даанч хол шүү дээ.
Энэ гоёмсог цэцэг Төв Азийн уулархаг газраас гаралтай. Энэ цэцгийг XVI зууны сүүлчээр Төв Азиас Европт аваачсанаас хойш таримал, сортын алтанзул цэцэг бий болсон юм.
Монгол-Алтанхундгана
Манай Дэлхий дээр хамгийн сүүлд болсон мөстлөг 100 мянган жил үргэлжилж, 12 мянган жилийн өмнө зогссон байдаг. Энэ мөстлөгөөс өнөөгийн бидний үед үлдэж хоцорсон ургамал бол монгол-алтанхундгана юм. Үүнийг маш эртнийх гэдгийг судлаачид тогтоогджээ.
Дэлхий дээр алтанхундгана цэцгийн 30 гаруй зүйл байдгаас Монгол оронд 2 зүйл нь хангай, умард хэсгээр тун ховор тааралдана.
- Монгол-Алтанхундгана – Adonis Mongolica
- Апеннины-алтанхундгана – Adonis Apennina
Ботаникийн эцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын генофонд, интродукцын лабораторийн эрхлэгч Н.Очгэрэл “Ботаникийн цэцэрлэгийн туршилтын талбайд алтанхундгана цэцгийн монгол-алтанхундгана, Апеннины-алтанхундгана, хаварч-алтанхундгана гэсэн 3 зүйл ургаж байна. Монгол-алтанхундгана хавар эрт цэцэглэдэг, цэцэглэлтийн хугацаа урттай. 5 сарын 10-даас 6 сарын 10 хүртэл сар орчим цэцэг нь цуварч цэцэглэнэ. Үр болон ургаль эрхтнээр үржих чадвар муутай. Тиймээс бид Ботаникийн цэцэрлэгийн амьд ургамлын цуглуулгад генийн санг нь амьд хэлбэрээр хадгалах гээд хичээж байна. 2018 оны хээрийн судалгаагаар бид 5-6 суулгац авчирсан. Тэр нь одоо манай цэцэрлэгийн талбай, Улаанбаатарын цаг агаарт дасан зохицоод ургаж байна.

Анх Д.Магсар доктор Ботаникийн цэцэрлэгт монгол-алтанхундгана авчирч, тарималжуулах судалгаа хийсэн. Тэрнээс үлдсэн ганц бодьгал бараг 30 жил манай цэцэрлэгт ургаж байна. Тэр хүний ганц цуглуулгыг өдий болтол хадгалаад явж байгаа.
Байгалийн ургамал хавар ургаж, намар хагдран, өвөл үндэс нь хөрсөнд өвөлжөөд, хавар сэргэж ургадаг. Ботаникийн цэцэрлэг дэх ургамал яг л тэр жамаар ургана. Дулааны улиралд бид агротехникийн арчилгаа хийдэг. Түүний хүчинд энэ цэцэг амьд байгаа. Амьд ургамлыг жил бүр арчилж байж ургуулж, хадгалдаг. Тэгэхгүй бол байгаль дээрх шиг нь орхивол ургахгүй байх, ургах чадвар нь муудах, устах эрсдэлтэй. Судлаач нар үе дамжуулан арчилж, хамгаалан, хадгалдаг” гэж ярилаа.

Апеннины-алтанхундгана бол бас л ховор ургамал. Сибириэр нутагтай энэ ургамал гоёмсог том шар цэцэгтэй. Хаанаас ч нүдэнд содон тусдаг, анзаарахгүй байхын аргагүй сайхан цэцэг. Ийм сайхнаасаа болоод ховордсон учраас Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад бүртгэжээ.
Цагаан, ягаан цээнэ, алтангагнуур, үлдэн могойн-идээ газрын хөрснөөс өндийн навчаа дэлгэж эхэлжээ. Эд 6-р сар гаргаад цэцэглэнэ. Тэр үед нь цагаан, ягаан цээнийг харсан ямар ч хүн бишрэн дуу алддаг юм. Том цэцэгтэй, өндөр иштэй, нэг бутнаас олон цэцэг цуварч дэлгэрдэг болохоор үзэмжтэй. Ягаан цээнийг хангайн ууланд харж болох ч цагаан цээнийг бол Хэнтийн Дадал, Дорнод орохоос нааш хаанаас ч олохгүй. Тэнд л 2-хон газарт бий.
Япон хайлаас буюу төсөг
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүн бүр хүссэн үедээ байгаль дээр үзэж чаддаггүй ховор ургамлуудаараа олон нийтэд зориулан сургалт, танин мэдэхүйн бичил цэцэрлэг байгуулж байна. Дагуур сараана, шар болон бага хумхаал,дөрвөлсөн мүгэз зэрэг олон ховор ургамал энд тарьсан тухайгаа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан Б.Биндэръяа танилцууллаа.

“Шинэ анагаах ухаан” их сургуулийн эмзүйн ангийн оюутнууд энэ өдөрлөгийг олзуурхан иржээ. Байгалийн олон ховор ургамалтай нэг дор танилцах энэ өдөрлөг тэдний хувьд алдаж болохгүй боломж ажээ.

Тус хүрээлэнг модлог ургамлын, өвслөг ургамлын гэж ерөнхийд нь ангилдаг. Модлог ургамлын талбайд гүйлс, буйлс, монос зэрэг хавар хамгийн түрүүнд цэцэглэдэг бут, сөөг цэцэглээд эхэлжээ. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинижлгээний ажилтан Э.Гантулга “Гүйлс цэцэглэх цагаар” өдөрлөгт цэцэг ажиглахаар ирсэн хүмүүсийг Модлог ургамлын талбайгаар дагуулан явж, гоёл чимэглэлийн сөөгнүүдээ танилцууллаа.Энэ хэсэгт 3 дохиурт бургас, нүргэс, хус гээд олон зүйлийн мод, бут байв. Үүн дундаас япон хайлаас оролцогчдын сонирхлыг татав.

Монгол Дагуурын тойрог буюу Хэнтий, Дорнодын хил залгаа нутгаас авчирсан энэ бут Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 2 дахь жилдээ ургаж байна. Мөчир нь хавтгайдуу хэлбэртэй аж. Үүнийг монголчууд төсөг гэдэг. Бас л ховор ургамал.
Баргийн газарт ургадаггүй жодоо
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд хэсэгт олон нийтэд зориулан төрөл бүрийн модлог ургамлын цуглуулга бий болгож байна. Уг нь тус хүрээлэнгийн олон нийтэд зориулсан талбай зүүн талд, одоо Монгол-Японы эмнэлэг зэрэг олон барилга барьсан хэсэгт байсан юм. Тэр хэсгийг барилгажуулснаар тэнд байсан моддыг ийш шилжүүлжээ. Гэвч том модод шилжүүлэг даахдаа муу. Үндэс нь асар урт, том байдаг тул бүрэн авч чаддаггүй. Үүнээс болоод олон мод үхэж, үлдсэн мод нь одоо л шинэ газартаа үндсээ шигтгэн, ургах эрч хүчээ авч буй аж.

Монголд ургадаг бүх шилмүүст мод тус хүрээлэнд бий. Гацуур, нарс, шинэс, хушийг олон хүн мэдэх ч жодоог тэр бүр харах боломжгүй. Хөвсгөл, Сэлэнгийн тайгад цөөхөн ургадаг энэ мод хүүхдээр бол булбарай ургамал. Баргийн газарт ургадаггүй. Тиймээс ч “Улаан ном”-д оруулсан байдаг. Харин энд зулзаган жодоо ургаж байна. “Монголд ургадаг 5 зүйлийн шилмүүст модноос 4 нь мөнх ногоон ургамал. Бусад 4-өөс нь жодоог холтсоор нь ялгаж болно. Жодоо навчит модных шиг холтостой байдаг. Морфологийн гол онцлог нь энэ” гэж Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганбат тайлбарлалаа.

Цэцэг ажиглах бол Дэлхий нийтээр дэлгэрч буй байгалийн аяллын 1 хэлбэр юм. Байгалиа танин мэдэхгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнох боломжгүй. Тиймээс өндөр хөгжилтэй орны боловсролтой, соёлтой хүмүүс байгаль дээр ургаж буй цэцэг, мод, бут, сөөг, өвс гээд олон ургамлыг таньдаг болохоор эрмэлзэж байна. Тиймээс цэцэг ажиглах аялалд хамрагдаж, өөрийн орны төдийгүй гадаадын сонин, содон, ховор ургамалтай танилцахыг зорьдог болжээ.

Иймд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн жил бүрийн хавар “Гүйлс цэцэглэх цагаар” өдөрлөг зохион байгуулж байгаа юм. 6-р сард болох нээлттэй хаалганы өдөрлөгөөр нь энэхүү зэрлэг цэцэгсийн хүлэмжээр дахин аялах боломжтой. Тэр үед бүр ч олон цэцэг дэлгэрч, модод ногоон хүрмээ өмссөн байх болно.