Мягмар гарагт 78 дахь удаагийн Каннын кино наадам нээгдлээ. Францын өмнөд хэсгийн Номин эрэгт зохион байгуулагддаг тус кино наадмын нээлтийн улаан хивсний ёслолын арга хэмжээнд алдарт найруулагч Квентин Тарантино, нэрт жүжигчин Роберт Де Ниро, Леонардо ДиКаприо, загвар өмсөгч Белла Хадид зэрэг олон алдартнууд гоёмсог хувцсаар гангаран ирж оролцоод байна.
Энэ жилээс Каннын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр хувцаслалтын шинэ, чанга хатуу журам үйлчилж эхэлж байгаа юм. Ялангуяа улаан хивсний ёслолд ирж оролцож буй эмэгтэй уран бүтээлчдийг хөх, хөхний товч зэрэг биеийн хэсгийг ил гаргасан хувцас өмсөж оролцохыг хориглосон тул нээлтийн арга хэмжээнд оролцсон эмэгтэйчүүд журмын дагуу хэтэрхий ил задгай хувцастай ирж оролцоогүй байна.






Энэ жилийн Каннын кино фестивалийн шүүгчдийн багийг Францын нэрт жүжигчин Жульет Бинош тэргүүлж, ерөнхийлөгчөөр нь ажиллахаар болсон бол шүүгчдийн багт Өмнөд Солонгосын найруулагч Хон Сан Сү, Холливудын жүжигчин Халле Берри, Жереми Стронг, Франц-Марокко гаралтай кино зохиолч Лейла Слимани, Италийн жүжигчин Алба Рорвахер, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын кино найруулагч Диюдо Хамади нар багтжээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүн:

Наадмын нээлтийн ёслолын арга хэмжээний төгсгөлд Францын найруулагч Амели Боннины “Leave One Day” (Нэг өдөр орхи) хэмээх романтик инээдмийн киноны нээлт болсноос гадна мөн Каннын кино наадмын хүндэтгэлийн “Алтан далдуу мод” шагналыг Холливудын домогт жүжигчин Роберт Де Нирод гардуулан өгсөн байна. Тус шагналыг жүжигчин Леонардо ДиКаприо түүнд гардуулан өгчээ. Өдгөө 81 настай жүжигчин Роберт Де Ниро хүндэтгэлийн шагналыг гардан авах үеэрээ тэрээр улс төрийн сэдвийг хөндөж, гадаад улс орны кинонд тариф ногдуулах бодлогыг хэрэгжүүлэхээ зарласан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг шүүмжилж, “урлаг нь үнэнийг, олон талт байдлыг дүрсэлдэг учраас дэлхийн автократ, фашист удирдагчдын хувьд урлаг бол аюул заналхийлэл юм” хэмээн хэлсэн байна.
Каннын кино наадмын лхагва гарагийн хуваарьт Холливудын нэрт жүжигчин Том Круз өөрийн шинэ уран бүтээл болох “Биелэгдэшгүй даалгавар: Эцсийн тооцоо” киногоо нээхээр болсон байна.
Түүнчлэн 12 өдрийн хугацаанд кино наадмын үеэр алдарт найруулагч Спайк Ли-гийн “Оргилоос ёроол хүртэл”, Ари Астерын “Эддингтон” гэх зэрэг үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй олон томоохон кино уран бүтээлүүд нээлтээ хийхээр болжээ.
Харин Каннын кино фестивалийн гол шагнал болох “Алтан далдуу мод”-ны төлөө энэ жил нийт 22 кино өрсөлдөж байгаагийн дотор найруулагч Вес Андерсоны “Финикийн схем”, Ричард Линклейтерын “Шинэ давалгаа”, Линн Рамзейн “Үх, хайрт минь”, Йоахим Триерын “Сэтгэлийн үнэ цэнэ”, Келли Райхардтын “Сод ухаантан”, Оливер Херманусын “Дуу авиан түүх”, Жулиа Дюкорнаугийн “Альфа”, Жафар Панахигийн “Энгийн осол” зэрэг кинонууд багтаж байгаа ажээ.
Мөн Каннын кино наадмын Un Certain Regard төрөлд жүжигчин Харрис Дикинсон (“Ядуу хөвгүүн”), Кристен Стюарт (“Усны он дараалал”), Скарлетт Йоханссон (“Агуу Элеанор”) нар анх удаа найруулагчийн ажлаараа оролцож байна.
Каннын кино наадам энэ сарын 13-наас 24-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдана.