Тоглолт наймаалцах, допинг, хууран мэхлэхийн эсрэг тэмцдэг Британийн “ESIC (Esports Integrity Commission)” байгууллагаас Монголын CS2-ын “ATOX” багийг шалгаж дуусжээ. ATOX багийг “ESL Pro League 20” тэмцээний үеэр “Team Falcons” багийн эсрэг зөрчил гаргасан байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгасан юм. Уг шалгалтаар тус багийн тоглогчид нийт 70 гаруй удаа өөрийнхөө тоглолт дээр бооцоо тавьсныг тогтоосон байна. Ийн тус багийн гишүүдэд дараах шийтгэл оноожээ. Үүнд:
- Багийн тоглогч Батболдын “dobu” Ган-Эрдэнэ – Бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглов /Lifetime ban/
- Багийн тоглогч Батбаярын “kabal” Бат-Энх – Бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглов /Lifetime ban/
- Багийн аналист Баасантогтохын “nuka” Анар-Эрдэнэ – Бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглов /Lifetime ban/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэд хэргээ хүлээсэн гэнэ.
- Багийн дасгалжуулагч Гансүхийн “flyNN” Төгөлдөр – 3 жилийн хориг
- Баяндалайн “MiQ” Тэмүүлэн – 1 жилийн хориг /Хэргийн гол оролцогч биш боловч болсон зөрчлийг мэдээлэхгүй байх үүрэг хүлээж, мөнгөн урамшуулал авсан
- Батжаргалын “AccuracyTG” Отгонлхагва – 8 сарын хориг /Зөрчлийг мэдээлээгүй/
- Эрдэнэбаатарын “Zesta” Мөнхсайхан – 8 сарын хориг /Зөрчлийг мэдээлээгүй/
Түүнчлэн ESIC-ээс уг хэрэгт оролцсон байж болзошгүй ATOX багийн өмнөх тоглогч болох Нямдоржийн “ANNIHILATION” Түвшинтөгс, Оюунбилэгийн “yAmi” Ялалт болон Хятадын багийн тоглогч Пен “xiaosaGe” Сүн нарыг шалгаж эхэлсэн байна.
Батболдын “dobu” Ган-Эрдэнийг шийтгэсэн үндэслэл:
- Тоглолтын үр дүнг зохиомлоор өөрчлөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн багийн эсрэг бооцоо тавих болон хахууль өгөх үйлдлийг гардан гүйцэтгэсэн нь батлагдсан.
- Багийн хамтрагчдаа дарамт үзүүлэх, эсвэл хуурч мэхлэх замаар зохиомол үр дүнд хамтран ажиллахыг шахсан.
- Тоглолт наймаалцах үйл ажиллагаанд хамтран ажиллуулж, чимээгүй байлгах зорилгоор мөнгөн урамшуулал олгосон.
- ESIC-тэй хийсэн ярилцлагын үеэр, тоглолт тохиролцох үйлдэлд оролцсон болон Хятадад байрладаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй хамтарч ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Батбаярын “kabal” Бат-Энхийг шийтгэсэн үндэслэл:
- Тоглолт наймаалцах хэрэг, бооцооны үйлдлүүдэд идэвхтэй оролцсон бөгөөд ихэвчлэн “dobu”-тай хамтран ажилласан.
- Зөрчлийн үйлдлийг нуун дарагдуулахын тулд мөнгөн урамшуулал авсан.
- Тоглолт наймаалцах үйл ажиллагаанд хамтран ажиллах, чимээгүй байх нөхцөлөөр багийн хамтрагчдад мөнгөн урамшуулал олгоход зуучилсан.
Баасантогтохын “nuka” Анар-Эрдэнийг шийтгэсэн үндэслэл:
- Аналистаар ажиллаж байх хугацаандаа ATOX багийн тоглолтуудтай холбоотой 70 гаруй сэжигтэй бооцоо тавьж, зохион байгуулсан.
- Тоглолтын үр дүнг ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд тактикийг худал эсвэл буруу чиглүүлсэн мэдээллээр идэвхтэй хангаж байсан.
Баяндалайн “MiQ” Тэмүүлэнг шийтгэсэн үндэслэл:
- Зөрчлийн үйлдлийг нуун дарагдуулах, мэдээлэхгүй байх нөхцөлтэйгөөр мөнгөн урамшууллын санал хүлээн авсан.
- ESIC-ийн дүрмийг зөрчиж. санаатайгаар мэдээлээгүй буюу буруу мэдээлсэн.
Батжаргалын “AccuracyTG” Отгонлхагвыг шийтгэсэн үндэслэл:
- Зөрчлийг санамсаргүйгээр мэдээлээгүй
Эрдэнэбаатарын “Zesta” Мөнхсайханыг шийтгэх үндэслэл:
- Зөрчлийг санамсаргүйгээр мэдээлээгүй.
Гансүхийн “flyNN” Төгөлдөрийг шийтгэсэн үндэслэл:
- ATOX багийн дасгалжуулагч болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул багийн гишүүдийг хянах үүргээ биелүүлээгүй.
- Зөрчил илрүүлэх, зогсоох үүргээ биелүүлээгүй, гэмт үйлдэл үргэлжлэх нөхцөл бүрдүүлсэн.