Японд төрөлт буурч байгаатай холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яам ирэх оны дөрөвдүгээр сараас хүүхэд төрүүлэхтэй холбоотой зардлыг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байна. Тодруулбал эрүүл мэндийн даатгалын тогтолцооны дагуу хэвийн төрөлттэй холбоотой зардлыг төр бүрэн хариуцах саналыг тусгажээ. Одоогоор хэвийн төрөлт нь өвчин, гэмтэл зэрэгтэй адил эрүүл мэндийн нөхцөлд тооцогддоггүй тул даатгалын хамрах хүрээнд багтдаггүй байна. Харин дээрх саналд төрөх үеийн өвдөлтийг бууруулдаг эпидураль эмчилгээг даатгалд хамруулах талаар дурдаагүй гэнэ.
Эмнэлгийн байгууллагууд хэвийн төрөлтийн төлбөрийг өөрсдөө тогтоох боломжтой байдаг тул мужаасаа хамааран ихээхэн ялгаатай байдаг ажээ. Одоогоор төрөөс хүүхэд бүрд 500 мянган иен буюу 3400 ам.долларын нэг удаагийн тэтгэмж олгож байгаа боловч хүүхэд төрүүлэх зардал өссөөр байгаа тул ихэнх тохиолдолд уг тэтгэмжийн мөнгөнөөс давах болжээ.
2024 оны эхний хагасын байдлаар, улсын хэмжээнд хэвийн төрөлтөд дунджаар 518 мянган иен зарцуулсан болохыг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны статистик мэдээ харуулжээ. Харин төрөлтийг даатгалд хамруулахаар болсон тохиолдолд улсын хэмжээнд нэгдсэн үнийг тогтооно. Гэхдээ эх барих эмч нар энэ алхам нь эмнэлгийн байгууллагуудад орлого буурснаас үүдэлтэй санхүүгийн хүндрэл учруулж болзошгүй гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.