Боловсролын үнэлгээний төв ерөнхий боловсролын сургууль болон багшийн 2024-2025 оны ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгалтыг 5 дугаар сарын 12-23-ны хооронд авч байна. Энэ шалгалттай холбоотойгоор сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нараар сургууль, багшийг үнэлүүлж, асуулга бөглүүлдэг. Уламжлал ёсоор өнөө жил ч уг агуулгаа бөглүүлээд эхэлжээ.
Үүнийг 5-р сарын 23-наас өмнө заавал бөглөхийг эцэг эх, асран хамгаалагч нараас шаарддаг. Бөглөхгүй байж болдоггүй. https://asuulga.eec.mn/ хаягаар нэвтрэхэд, “Таны хариулт баримт нотолгоонд тулгуурласан байх ёстойг анхаарна уу” гэсэн сануулга байдаг ч баримт нотолгоотой хариулт өгөх ямар ч боломж байдаггүй. Тухайлбал: Асуулга 7 “Сургуулийн удирдлага, багш, ажилтан нь албан хэрэгцээнд ашиглахаар цуглуулсан хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалдаг” гэсэн асуултын хариултад “Мэдэхгүй” гэсэн сонголт алга. Мэдэхгүй зүйлээ эцэг эхчүүдийг мэддэг юм шиг худал хариулахаас өөр аргагүй байдалд энэ асуулт нь хүргэж байна.
Асуулт 9 “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд саадгүй зорчиход зориулсан зам, орц, гарц бүхий ээлтэй орчныг бүрдүүлсэн” гэсэн асуултад яаж хариулахаа мэдэхгүй эцэг эх бас олон байна. Тэргэнцэртэй хүнд зориулсан налуу зам байдаг ч тэр нь тэргэнцэртэй хүн шууд онхолдохоор, гулсуур гэмээр. Хамгийн дээд тал нь 5% налуу зам байх ёстой атал харахад 45 байдаг. Тэгэхээр үүнд юу гэж хариулах ёстой вэ? Хариулт нь санал огт нийлэхгүй, санал дийлэнхдээ нийлэхгүй, зарим талаар санал нийлнэ, санал нийлнэ, бүрэн санал нийлнэ гэсэн 5 сонголттой.
“Сургуулийн орчин, ариун цэврийн өрөө тогтмол цэвэр байдаг”, “Сургуулийн анги танхим, дотуур байр өндөр хурдны интернэтэд холбогдсон”, “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулдаг” гэх мэтийн эцэг эхийн огт мэдэхгүй, сургуулийн ажиллагсад, сурагчийн л мэдэх асуулт зөндөө. Сургуулийн жорлонг байнга шалгадаг эцэг эх байхгүй л болов уу? Байнга байтугай шалгаж амжихгүй.
Ийм асуулт эцэг эхчүүдэд тавиад, бодит хариулт олж авна гэж Боловсролын үнэлгээний төвийнхөн итгэж байгаа нь эмгэнэлтэй. Үүний зэрэгцээ багш нар уг асуулгаа эцэг эхчүүдээр бөглүүлэхдээ “Сургуулийг сайн үнэлснээрээ сурагчдын суралцах ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх боломж үүсэх тул та бүхэн асуултаа маш сайн уншаад бөглөөрэй” гэж захиж байна. Муу гэж битгий бөглөөрэй, сайн гэж бөглөөрэй гэж шулуухан гуйдаг багш ч бий.
Сайн гэж үнэлэгдвэл багшийн зэрэг ахиж, цалин нэмэгддэг. Үүнийгээ ил хэлэх, далдуур ойлгуулах зэргээр элдэв аргаар эцэг эхчүүдэд багш нар нөлөөлдөг. Хүний амьдралыг бодоод, эцэг эхчүүд уг үнэлгээг нь сайн гээд бөглөчихдөг. Ийм л байна. Амьдралтай авцалдахгүй ийм үнэлгээ гээч юм авч байхаар, зүгээр л багш нарынхаа цалинг боломжоороо нэмээд л өгчих. Сургуульд нь юу шаардлагатай байна, түүнийг нь төсөвт тусгуулчих. Хэн хэндээ амар. Утгагүй үнэлгээ бөглөх гэж хайран цагаа үрмээргүй байна.