horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Б.Батцэцэг: Виз мэдүүлсэн иргэд гадаад паспортоо хариу гартал авч чадахгүй байгааг хуулбар эсвэл цахим лавлагаагаар орлуулах нөхцөлийг бүрдүүлнэ

post-img

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын иргэдийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих нөхцөл, мөн виз мэдүүлэх үйл явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх үүднээс Солонгосын талтай идэвхтэй хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлэн, дараах асуудлуудыг албан ёсоор тавьж, тодорхой, бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна.

Үүнд:

  • БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэдийн хувьд дахин мэдүүлэх эрхийг 6 сарын хугацаанд хязгаарлаж буй зохицуулалтыг цуцлах;
  • Виз мэдүүлсэн иргэд гадаад паспортоо хариу гарах хүртэл буцаан авч чадахгүй байгаа нь тэдний чөлөөтэй зорчих үндсэн эрхийг хязгаарлаж байгааг харгалзан, уг хугацаанд паспортыг эх хувиар нь бус, нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох Е-Mongolia-гийн лавлагаагаар орлуулах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Виз мэдүүлгийн процессыг шат дараатайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, цаашид Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох боломжийг бүрдүүлэх;
  • Эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчдыг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнуудад олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх;
  • БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох зэрэг болно.

Гадаад харилцааны яам иргэдийнхээ хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах, хүн төвтэй дипломат харилцааг эрхэмлэх байр суурин дээр тууштай зогсож ирсэн билээ. Энэ хүрээнд, БНСУ-ын хил дээрх нөхцөл байдалд шуурхай ажиллах, Монгол иргэдэд газар дээр нь консулын туслалцаа үзүүлэх зорилгоор БНСУ-д суугаа Элчин сайдын яамны нэг дипломат ажилтныг Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал дээр тогтмол ажиллууж эхлээд байна.

0/1000