Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан. Тэд хуулийн төсөлдөө хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл авдгийг болиулах, ажил олгогчийг ажилтны өмнөөс шимтгэл төлөхөөс чөлөөлөх, цалингаас гадна мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас шимтгэл төлөхийг болиулах зохицуулалтыг оруулсан гэж буй юм. Уг хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн С.Зулпхартай ярилцлаа.
-Батлагдаад хоёр жил, хэрэгжиж эхлээд жил гаруйхан болж байгаа хуульд өөрчлөлт оруулна гээд УИХ-ын шинэ гишүүд яриад, хуулийн төсөл хүртэл боловсруулсан гээд байгаа. Хамгийн гол нь шимтгэлийг бууруулъя, ажил олгогч шимтгэл төлөх ёсгүй гэхчилэн янз янзын байр суурь илэрхийлэх боллоо. Нэг талаасаа олон нийтэд таалагдах гэсэн иймэрхүү өөрчлөлт хуульд орвол үр дүн нь юу болох вэ?
-Та УИХ-ын Б.Түвшин тэргүүтэй гишүүдийн боловсруулсан хуулийн төсөлтэй хамаатуулж асууж байх шиг байна.
УИХ-ын гишүүн хууль санаачлах, нийгмийн тодорхой бүлгийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэх эрхтэй юм. Түүнээс гадна манай парламент олон ургалч үзэлд суурилсан гэдэг үүднээс Улсын Их Хурлын гишүүд тодорхой байр суурь илэрхийлэхийг шууд үгүйсгэж болохгүй. Харин тавьж байгаа саналыг нарийн хэлэлцэх ёстой. Тэгээд ч хэн нэг нь ямар нэг санал гаргалаа гээд маргааш нь биелдэг боломж байхгүй шүү дээ. Б.Түвшин нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөл үндсэндээ гурван заалттай юм билээ. Нийгэмд жаахан буруу ойлгуулсан тал байх шиг байна. Гол санаа нь нийгмийн даатгалын зарим шимтгэл ажил олгогч, ажил хийж байгаа хүмүүст дарамт болж байгаа гэдгийг л хөндсөн гэж харсан.
-Гэхдээ ажил олгогч шимтгэл төлөхгүй болчихвол Нийгмийн даатгалын сан оршин тогтнож чадах уу?
-Би танд ганцхан тоогоор жишээ авч тайлбарлая. 2025 оны төсвийн тухай хуулийг дагаж Нийгмийн даатгалын сангийн тухай хууль орж ирсэн. Уг хуульд 2025 оны хувьд ажил олгогчоос даатгалын санд төвлөрөх шимтгэлийн орлогыг 2,8 их наяд, даатгуулагчийн төлөх шимтгэлийн орлогыг 2,3 их наяд төгрөгөөр тооцож тусгасан. Өөрөөр хэлбэл, бид энэ онд 5,1 их наяд төгрөгийн орлого хуримтлуулж байж тэтгэвэр, тэтгэмжээ бүрэн олгоно. Тэр орлогоос үлдэх хэсгийн тодорхой хувиас нэмэлт тэтгэврийн санд хуримтлуулж байгаа. Мөн тэр хуримтлуулснаас гадна чөлөөт мөнгөн үлдэгдлийг санхүүгийн эрсдэлгүй арга хэрэгсэл рүү оруулж өсгөх хуульд заасан аргаар арвижуулах менежментээр явах юм. Гэтэл ажил олгогчийн төлдөг шимтгэл байхгүй болчихвол одоо авч байгаа 505 мянган хүний тэтгэврийг хэвийн олгох боломжгүй болно. Ямар гарц үлдэх вэ гэхээр тэтгэврийн хэмжээг бараг 50 хувиар багасгана гэсэн үг. Дагаад 193 мянган хүн богино хугацааны тэтгэмж, төлбөр авч байгаа. Нийтдээ 700 мянган хүнд хамаатай тэтгэвэр болон тэтгэмжийн үйлчилгээтэй холбоотой эрсдэл үүснэ.
-Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн хуулиар ийм эрсдэл гарвал зохицуулах боломж бий юу?
-Хэдийгээр бид хагас хуримтлалын тогтолцоо руу шилжихээр хуульчилсан ч одоогоор хуваарилалтын зарчим дээрээ л байгаа. Орж ирсэн орлогоо буцаагаад тэтгэвэр, тэтгэмж болгоод гаргадаг. Энгийн тоо хэлье л дээ. Одоо бүрэн тэтгэвэр буюу 20 жил ажиллаж, шимтгэл төлсөн хүний доод тэтгэвэр 689,0 мянга. Хэрэв ажил олгогчийн шимтгэлийг төлүүлэхгүй болбол энэ мөнгийг 50 хувиар багасгаж 400,0 мянга ч хүрэхгүй төгрөгийн тэтгэвэр авах болно. Мөн 10 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн бол хувь тэнцүү тэтгэвэр тогтоолгож болдог. Энэ тэтгэврийн хэмжээ 572,4 мянга. Үүнийг хагаслахаар 286,0 мянга болно. Шимтгэл төлж байгаагүй, нийгмийн даатгалын сангаар дамжуулж тэтгэвэр тогтоолгох боломжгүй ахмад настанд олгодог халамжийн тэтгэвэр 397 мянгаас доогуур орно гэсэн үг. Ийм эрсдэл байгаа учраас ажил олгогчийг шимтгэл төлөхгүй болгоно гэдэг нийгэмд уршигтай, өрөөсгөл амлалт л даа.
-Ийм тооцоог хийхгүйгээр хуулийн төсөл санаачилж болох уу?
-Хуулийн төсөл санаачлан боловсруулах, өргөн барихад тавьдаг нарийн шаардлага, шалгуурыг хуульчлаад өгсөн байдаг. Эдгээрийн нэг нь судалгаа, тооцоолол. Тэгэхээр ямар ч тооцоололгүй төсөл хийгээгүй байх.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.5-д “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна” гэж заасан. Б.Түвшин гишүүний гаргасан санаачилга шимтгэл төлөх сарын цалин, орлогын дээд хэмжээ ажилтны хувьд хязгаарласан хэрнээ ажил олгогчийн хувьд хязгаарлаагүйгээс тэгш бус байдал үүсэхээс гадна ажил олгогчид дарамт ирж байна гэсэн санаа гэж ойлгоод байгаа. Албан журмын даатгалд хамрагдан дээд хэмжээгээр шимтгэл төлж байгаа 24,4 мянга гаруй иргэн байна. Өнгөрсөн онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга байсан гэхээр 6,6 саяас дээш цалинтай 24 мянга гаруй хүн байна гэсэн үг. Энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 792 мянган төгрөг болсон учраас дахиад тооцоолол хийгдэнэ. Шимтгэл төлөх дээд хэмжээ 7,9 сая төгрөг болох бөгөөд зохицуулалтыг хэрхэн хийж болохыг тодорхой тооцоо судалгаанд үндэслэж байж парламент хэлэлцэнэ. Саналыг үгүйсгэж байгаа гэж битгий ойлгоорой. Яг энэ зохицуулалтыг бол нарийн тооцоо судалгаанд суурилж, талуудын бүрэн оролцоотой хэлэлцэж, зохистой шийдлээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
-Үндсэн цалингаас бусад орлогоос шимтгэл төлөхийг болиулах нь байж болох санал биш үү?
-Наадах чинь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.3 дээр өөрчлөлт оруулахаар гаргасан санал нь л даа. Хоол, унаа, түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт орон сууцны ашиглалтын төлбөр тэдгээртэй адилтгах бусад орлого гэснийг хассугай гэчихсэн юм. Одоо бол эдгээрээс шимтгэл тооцож байгаа. Энэ нь хоёр талтай. Одоо төлж байгаа шимтгэл дараа нь тогтоогдох тэтгэврийн үндсэн суурь болно. Тэр үүднээс нь өнөөдөр хоол унааны гэх мэт орж ирж байгаа мөнгөнөөс шимтгэл тооцохгүй бол тухайн үед орлого нэмэгдэж байгаа мэт харагдаж болох ч ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ буурах эрсдэл үүснэ. Гэхдээ ганцхан тэтгэвэртэй ч холбоотой асуудал биш. Ажилтан ямар нэг байдлаар ажилгүйдлийн ч юм уу, эсвэл жирэмсний болон хүүхэд асарсны зэрэг богино хугацааны тэтгэмж авахад ч нөлөөлөх учраас нарийн тооцож хэлэлцэх ёстой. Мөн ажил олгогч үндсэн цалинг багасгаж, хоол унааны ч гэдэг юм уу өөр нэрээр мөнгө олгох, шимтгэл төлөхөөс зайлсхихй зэрэг ажилтныхаа ирээдүйд эрсдэлтэй алхам хийх ч боломж бүрдэхийг үгүйсгэхгүй.
Шимтгэлийг нь багасгаад байвал сайн гэдэг ойлголт нийгэмд бий болоод байгаа нь хэлэлцүүлгийн нэг л хэлбэр. Гэхдээ нийгэм хүссэн, олон хүн хүсч байна гэдэг нь бүх юм болно гэсэн үг биш л дээ. Сан даатгуулагчдын эрхийг бүхий л түвшинд зохистой хангах механизмуудаа ажиллуулж чадаж байна уу гэдгийг л ярих ёстой юм. Нийгмийн даатгалын сан бол даатгуулагчид учир ч болох нийгмийн эрсдэлийг даван туулахад хамгаалалт үзүүлэх зорилготой сан гэдэг үүднээс эрсдэлгүй, хамгийн бага эрсэлдтэй ажилладаг сан байх учиртай. Өөрөөр хэлбэл, Б.Түвшин гишүүний саналыг хэлэлцэхдээ тооцоо судалгааг нарийн хийх ёстой гэдгийг л хэлэх гээд байна.
-Гэрээгээр ажиллаж байгаа хүнийг албан журмаар биш сайн дураар даатгалд хамруулдаг байж болохгүй юу?
-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.4.10-т зааснаар өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан албан журмаар тэтгэврийн, тэтгэмжийн даатгалд даатгуулдаг байх заалт л даа. Үүнийг хүчингүй болгоё гэсэн юм билээ.
Энэ бол угтаа гэрээгээр ажиллагч иргэнийг эрсдэлээс хамгаалсан чухал заалт. Гэрээгээр, хөлсөөр ажиллаж байсан хүнд санхүүгийн ямар нэг эрсдэл үүсч болно. Ажилгүй болдог ч юм уу, бүр муугаар ярихад хөдөлмөрийн чадвараа түр алдаж болно. Мөн жирэмсэн болж, хүүхдээ харж, өндөр насны тэтгэвэрт ч гарч болно. Энэ бүх тохиолдолд даатгалд хамрагдаж байсан иргэн нийгмийн хамгаалалтай байна гэсэн үг. Хэрэв албан журмын даатгалд хамруулахгүй гэчихвэл нийгмийн хамгаалал баталгаагүй, дээр нь бид олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч байгаа хэрэг болох юм.
Манайд өнгөрсөн жилийн статистикаар 36,2 мянган хүн гэрээгээр ажиллаж албан журмын даатгалд хамрагдсан байна. Энэ бол нийт албан журмын даатгалд хамрагдсан хүмүүсийн 3,1 хувь. Тэгэхээр ийм тооны хүний нийгмийн хамгааллыг хуулиар баталгаажуулсан гэсэн үг.
Гэхдээ бас нэг асуудал бий. Жишээ нь төрийн албан хаагч, багш, эмч ч юм уу хэн нэг хүн үндсэн ажлынхаа хажуугаар гэрээгээр давхар ажил хийгээд олсон орлогоосоо шимтгэл төлдөг байж болно. Тэд үндсэн цалингаасаа хангалттай хэмжээгээр шимтгэл төлж байгаа учраас өөрөө хүсвэл гэрээгээр ажиллаж олсон орлогоосоо өндөр шимтгэл давхар төлмөөргүй байж болно. Харин үүнийг тухайн нөхцөлтэй уялдсан байдлаар уян хатан зохицуулж болох талтай. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход онцгой ач холбогдолгүй гэж тооцож болох нөхцөлд энэ асуудлыг хэлэлцээд зохицуулах боломжтой. Ийм хүн цөөн. Түүнээс биш гэрээгээр ажиллаж байгаа 36 мянган хүнийг бүгдийг нь чөлөөлнө гэвэл том эрсдэл рүү орно гэсэн үг. Нэг үгээр ялгаатай, тухайн иргэний хөдөлмөр эрхэлтийн хэлбэрт нийцсэн уян хатан хэлбэртэй байж болно. Нийгмийн даатгалын үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх алхам угаасаа хийгээд л явна.
-Нийгмийн даатгалын тогтолцоог нарийн ойлгодог хүн энэ парламентад хэр олон байдаг бол. Магадгүй 126 хүний дийлэнх нь олон нийтэд таалагдахын тулд шимтгэл төлөхийг болиулъя ч гэдэг юм уу популист амлалтаа биелүүлэх гээд эрсдэлд оруулсан хууль гаргачих вий дээ гэсэн болгоомжлол төрдөг.
-Гишүүд орж ирсэн асуудлыг ойлгож судлахгүйгээр шууд дэмждэг, эсхүл баталдаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй л дээ. Хууль тогтоомжийн тухайн хуулийн дагуу хуулийн төсөл боловсруулах, улмаар УИХ-ын дэгийн тухай хуулиар хуулийн төслийг хэлэлцэх дэгтэй. Энэ дагуу нэгдүгээрт, хуулийн төсөл мэргэжлийн түвшинд тодорхой судалгаа хийгдэж боловсруулагдсан байх ёстой. Засгийн газар санаачлаад оруулж ирж байгаа хуулиуд дээр судалгаа зохих түвшинд хийгдсэн байдаг. Учир нь тухайн хуулийн төслийг боловсруулахад төрийн захиргааны байгууллага институцийн чадавхаа бүрэн дайчилсан байдаг л даа. УИХ-ын гишүүд санаачилсан хуульд ч мөн адил орж ирсэн хуулийн төсөлд энэ шалгуур тавигддаг бөгөөд судалгаа дутуу бол буцна. Хуулийн төслийг хэлэлцэхээр болоход энэ тал дээр ажиллах үүрэгтэй ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэгт тухайн асуудлаар мэргэшсэн, туршлагатай гишүүдийг оруулдаг. Тэд хуулийн төсөл дээр ажиллаад Байнгын хороонд оруулж хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэх шат нэг биш. Тэгээд ч УИХ-ын гишүүд аливаа шийдвэрийг улс төрийн явцуу сонирхолд хөтлөгдөх байдлаар гаргадаг субъектүүд биш цэвэр рационал буюу бодлогын шийдвэр гаргах үүрэг хүлээсэн улс. Энэ ч үүднээс нийгмийн хамгааллын бодлого тодорхойлох аливаа асуудалд УИХ-ын гишүүд хөнгөн хуумгай хандахгүй гэдэгт итгэлтэй байгаа.