horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тоолуур тавиулснаар 243.585 төгрөг хэмнэжээ

post-img

Халаалт зогсоохтой зэрэгцэн, дулааны үнийг нэмэх байсан ч 2026.01.01 хүртэл хойшлуулав. 9-12 дугаар сард хэрэглэх дулааныхаа үнийг бид одоогийн тарифаар төлнө. Ирэх жилээс уг төлбөр дунджаар 2 дахин нэмэгдэнэ. 80 мянган төгрөг төлдөг айл 160 мянгыг төлнө гэсэн үг.

Үүнээс урьтаж айлууд дулааны тоолуур тавиулах хэрэгтэй байна. Дулааныг яагаад тоолуураар хэмжих шаардлагатайг нэгэн жишээгээр тайлбарлая. Одоо манай улс айлд өгч буй 1 ГДж дулааныг 3.421 төгрөгөөр боддог. 1 ам м талбайн дулаан 506 төгрөг гэсэн үг.

105.74 ам м талбайтай байрны халаалтыг тоолуураар хэмжих, задгайгаар бодоход, ямар ялгаа гардгийг “Эс Жи ливинг” ХХК харьцуулжээ. Тоолуургүй байхдаа энэ айл сар бүр 58.854 төгрөг 88 мөнгө төлдөг байв. Ингэхэд жилд 500.266 төгрөг дулаанд төлжээ.

Эднийх тоолуур суурилуулснаар зөвхөн 1-р сард 15.43 ГДж буюу 58.064 төгрөг 63 мөнгөний дулаан хэрэглэжээ. Өвлийн ид хүйтэнд хамгийн их дулаан хэрэглэх нь тодорхой. Түүнээс хойш цаг агаар дулаарах тусам хэрэглэх дулаанаа багасган, 2-р сард 11.48, 3-р сард 6.22, 4-р сард 5.79, 5-р сард 1.2 ГДж дулаан хэрэглэсэн байна. Ийн жилд нийт 256.681 төгрөг төлсөн байна. Тоолуур тавиулсны үр дүнд 243.585 төгрөг хэмнэжээ.

Тоолуургүй байхдаа 2 дахин их мөнгө төлдөг байсан байгаа биз. Ийм л учраас айл бүр зундаа багтаан, намраас урьтаж, дулааны тоолуур тавиулах нь зөв. Гэхдээ 1 зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ айл зүгээр л тоолууртай болсноор ингэж мөнгө хэмнэсэн юм биш. Тоолууртай болсон учраас дулааныг замбараагүй хэрэглэхээ больж, хэрэглээгээ хянаж чаддаг болжээ. “Хэмжиж чадвал хянаж чадна” гэдэг эдийн засгийн алтан дүрэм энд хэрэгжжээ.

Одоо бид, тоолуургүй айлууд халууцвал хувцсаа нимгэлээд, цонхоо онгойлгодог. Паараа хааж, халаалтаа багасгадаггүй. Шугамаар дамжин сар бүр ирдэг 1819 ГДж дулааныг бүгдийг нь хэрэглэдэг. Харин тоолуур тавиулсан айл халууцвал паараа хааж, халаалтаа багасгадаг. Тиймээс гадаа дулаарах тусам хэрэглэх дулаанаа багасгана. Ингэхэд шугамаар дамжин ирдэг дулаанаас 1194-ийг нь хэрэглэж, 625 ГДж дулааныг буцаан, тэр хэрээр бага төлбөр төлжээ.  

Айлууд тоолууртай болж, бага дулаан хэрэглэх нь дулааны цахилгаан станцуудад ч ашигтай. Айлууд дулаан бага хэрэглэвэл, ДЦС-ууд тэр хэрээр бага дулаан үйлдвэрлэнэ. Станцуудаа өвлийн цагаар дэлбэрэхээс наахнуур ажиллуулах шаардлагагүй болно. Хэтэрсэн ачаалал эргээд хэвийн болно. Улайстал нь ажиллуулаад, дор нь эвддэг тоног төхөөрөмжүүдээ ч удаан ашиглах боломж бүрдэнэ.

Хаана, хаанаа ийм их ашигтай учир дулааны тоолуураа даруйхан тавиулъя.  

0/1000