Морин хуур хэмээх хоёрхон чавхдастай хэрнээ хорвоо ертөнцийн бүх л аялгууг хуурдан эгшиглүүлж, монгол хүний хийморийг сэргээдэг увидаст энэ хөгжмийн өлгий нутаг бол Монгол билээ. Олон орны хөгжимд дурлагсад морин хуурыг сонирхож, сурч, дадан, хөгжимдсөөр л байна. Жил ирэх тусам морин хуур сонирхогчдын тоо олширч, бие биенээсээ туршлага суралцан, тайлан тоглолт хийх, мэргэжлийн морин хуурчдаас шинийг суралцах, хилийн чинадад сурталчлан таниулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор морин хуурын наадам хийхээр болжээ. Олон улсын морин хуурын холбоо нь олон орны хөгжимчид, судлаач, сонирхогчдыг нэгтгэн, нэгэн удирдлага дор цэгцтэй цогц үйл ажиллагаа явуулах зорилго бүхий байгуулагдсан юм.
Олон улсын морин хуурын “Асар” чуулга байгуулагдсаны 10 жилийн ойг тун удахгүй тэмдэглэх гэж байна. Тоглолтын нэрний учир гэвэл “Тэнгэрийн хөгжим” нэртэй Хубилай хааны ордны “Асар” хэмээх хөгжмөөс үүсэлтэй аж. Энэхүү тоглолтонд морин хуур, уртын дуу, хөөмий, ятга, үлээвэр хөгжим, төгөлдөр хуур зэрэг олон хөгжмийн хоршил эгшиглэн цуурайтах юм.
Энэ бүхнийг анх санаачлан зохион байгуулсаар ирсэн Япон улсад ажиллаж, аж төрөн, урлаг соёлоо дэлхийд таниулан яваа морин хуурч, 2002, 2011 онд Токио хотын Метрополитан симпони оркестртой хамтран нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, З.Хангалын морин хуурт зориулсан концертыг анх удаа Япон улсын тайзан дээр тоглож байсан, эдүгээ ардын урлагаа таниулах их үйл хэрэгт зүтгэж буй шилдэг уранбүтээлчдийн нэгэн болох Аюушийн Бат-Эрдэнэ юм. Тэрбээр1988-1994 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1994-1998 онд СУИС-ийн морин хуурын ангийг тус тус дүүргэжээ. Одоо Токиогийн Хөгжмийн дээд сургуульд магистр багш.
Тэрбээр Дэлхийн морин хуурын холбоог байгуулан, 2008 оноос Олон улсын морин хуурын наадмыг Монголд хоёр жил тутамд зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард аавынхаа төрсөн нутаг болох Өмнөговь аймагт зохион байгуулжээ.
2008-2022 оныг хүртэл Дэлхийн морин хуурчдын холбооны тэргүүний албыг хашиж байгаад, үүрэгт ажлаа Монгол Улсын “Чингис хаан” морин хуурын чуулгын моринхуурч, удирдаач Н.Жигжиддоржид даатган өгсөн юм. Энэ удаагийн тоглолтод нэгэн эрхэм хүндтэй зочин уригдан оролцох нь түүний аав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Шарын Аюуш. Тэрээр нарийн бүрээч, моринхуурч хэмээх анхны хос мэргэжилтэй хүн. Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад хөгжмийн удирдаач багшаар тасралтгүй 17 жил ажиллаж, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт хөгжмийн удирдаач, уран сайхны удирдагч, даргын үүрэгт ажлыг хийж байгаад Улаанбаатар хотын соёл урлагийн сургуулиуд болон байгууллагуудад хөгжмийн удирдаач, багшаар ажиллан олон зуун шавийг хөгжмийн ертөнцөд хөтлөн дагуулж, боловсруулан, хүмүүжүүлсэн нэрт сурган хүмүүжүүлэгч билээ.
Урлагийн мастерууд болох аав хүү хоёр хамтран оролцох, Монгол, Өвөрмонгол, Хятад, Японы шилдэг залуу уранбүтээлчдийн хамтарсан тоглолт Токио хотын Нерима дүүргийн Соёлын ордны тайзнаа 5-р сарын 24-ны 18:00 цагаас эхлэн, аялгуу эгшиг, дуу хуурын түм буман татлага урин зуны дэлгэрэх цагийг угтан, үзэгч түмний сэтгэлийг долгисуулан, хөвсөлзүүлж, түрлэг өргөн, баясан цэнгүүлэх юм.
Сэтгүүлч В.Сарантуяа, Япон улсын Осака хот