2025 оны 5 дугаар сарын 9-10 нд шилжих шөнө буюу нэг 01:09 цаг орчимд Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас хүн унасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход Монгол улсаас тус улсад cуух элчин сайд А.Төмөрийн гэргий Л.О нь барилгын 17 давхраас 4 давхрын тагтан дээр унаж нас барсан байдалтай олдсон байна. Хэдийгээр талийгаачийн үхлийн шалтгаан тодорхойгүй ч сэтгэл санааны гүн хямралд орсон байж болзошгүй хэмээн таамаглаж байна гэж Тайландын хэвлэлүүд онцолжээ.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан талийгаач Л.Орхонгийн эгч Л.Онон өөрийн цахим хуудсанд байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр “Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш юм. Энэ бол завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт, хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж, амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан нь үнэхээр эмгэнэлтэй.
Завхайрал өнөө цагийн хамгийн аюултай, хамгийн нуугдмал хохирол дагуулдаг нийгмийн өвчин болж байна. Энэ бол ганц хүний хувь тавиланг бус, бүхэл бүтэн гэр бүл, ирээдүйг сүйрүүлдэг хүчирхийллийн нэг хэлбэр юм.
Бид үнэнг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй. Энэ зовлонг чимээгүй өнгөрөөж болохгүй.Дүүгийнхээ төлөө, түүний хүүхдүүдийн ирээдүйн төлөө, ийм золгүй хувь тавилан бусдын амьдралд дахин бүү тохиолдоосой гэж хүсэж байна” гэжээ.
Харин гадаад харилцааны яам энэ асуудлаар албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй бөгөөд тайландын хуулийн байгууллагын албан ёсны дүгнэлтиийн дараа тайлбар мэдээлэл хийнэ гэж мэдэгдээд байна.