Дулааны үнэ нэмэх хугацааг 2026 он болгож хойшлуулснаар ДЦС-ууд энэ жил 118 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоог Эрчим хүчний зохицуулах хороо гаргажээ. Үүнийг улсын төсвөөс татаас болгож олгохыг эрчим хүчнийхэн Засгийн газраас шаардаж байна. Хэрвээ татаас өгөхгүй бол дулааны эх үүсвэр дутагдах, эрчим хүчний салбарын нөхцөл байдал бүүр хүндрэх, өр нэмэгдэх аюул тэдэнд тулгарч байна.
2025.05.16-наас дулааны үнийг нэмж, орлого овоо нэмэгдэнэ гэж тооцож байсан ДЦС-ууд өнөө жил хийхээр төлөвлөсөн зарим засвараа дараа жил болгож хойшлуулах, төлөвлөсөн ажлынхаа заримыг цуцлахаас өөр аргагүй болжээ. Энэ нь мэдээж сайн үр дүн авчрахгүй. Тухайлбал: 1961 онд ашиглалтад орсон ДЦС-2 эдүгээ 64 дэх жилдээ ажиллаж байна. Манай улсын хамгийн хуучин станц. Үндсэн тоноглолыг нь ашиглах хугацаа хэдийнэ дууссан. Техник, тоног төрхөөрөмж нь хэзээ ч эвдэрч, гацаж, ашиглалтаас гарч мэднэ. Шаардлагатай засварыг цаг тухайд нь хийж, ажилчид станцаа зөв ажиллуулж, горимоо сайн мөрдсөний хүчинд энэ станц арай ч зогсолгүй ажилласаар, Улаанбаатарыг цахилгаан, дулаанаар хангасаар байгаа аж. Манай улсын бүх станц ер нь ийм.
Эдгээр ДЦС-аас гялайж байгаа ганц давуу тал нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх өртөг буурчээ. Үүнийг дагаад цахилгаан, дулааны үнэ нь хямд байгаа аж. Станц байгуулахад зарцуулсан бүх зардлаа нөхөөд, ашгаа олчихсон учир одоо орлогоороо зардлаа нөхөөд явах боломжтой. Гэвч зардлаа нөхөх орлого олохгүй, 1 Гкал дулааныг 24.683 төгрөгөөр үйлдвэрлээд, 7215 төгрөгөөр зарж байна.
280 төгрөгөөр үйлдвэрлээд, 216 төгрөгөөр зарж байсан цахилгааны үнийг 2024.11.16-наас 285 төгрөг болгож нэмснээр ДЦС-уудын алдагдал арай багасжээ. Нар, салхин цахилгаан станцын цахилгааныг 06:00-17:00 цагт 285 төгрөг, 17:00-21:00 цагт 300 төгрөгөөр авч байгаа. ДЦС-уудын дотоод хэрэгцээний цахилгаан, жишмэл түлшний хувийн зарцуулалт, цахилгаан дамжуулах, түгээхэд гарч буй алдагдлыг багасгах арга хэмжээ авснаар 2024 онд нийт 9.1 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн ноднин нийт 129.3 мянган айлд ухаалаг тоолуур суурилуулсны үр дүнд 12.7 тэрбум төгрөг хэмнэв. Ухаалаг тоолууртай болсноор хүмүүс цахилгааны хэрэглээгээ хянаж, цахилгааны үнийг хямд байхад нь хэрэглэхийг хичээх болжээ. Тэгэхээр одоо дулааны тоолуур гялс тавиад, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг халаалтаа тохируулдаг, хэмнэдэг болгочих хэрэгтэй байна.
Энэ бүхний үр дүнд төмөр зам, уурхайнууд алдагдлаа тэглэсэн байна. Харин эрчим хүчний үйлдвэрүүдэд одоогоор эерэг нөлөө гараагүй байгаа, цахилгааны үнэ нэмсний ач тус мэдэгдээгүй байгаа гэнэ. Бодит байдал дээр эрчим хүчний салбар ажилчдынхаа цалинг 2025 оны 4-р сараас 10% нэмжээ. Энэ юуны үр дүн юм бол? Цахилгааны үнэ нэмсний, ухаалаг тоолуур суурилуулсны хувь нэмэр үүнд орсон л байлгүй. 118 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ хэмээн санаа алдаж суухын оронд байгаа бүх боломж бүрийг олж харж, ашиглавал наанадаж цалин нэмж болж байна. ДЦС-уудын нийт зардлын 50 орчим хувийг нүүрсний үнэ эзэлдэг аж. Цахилгааны үнэ нэмээд, авч буй мөнгөөр тэд өрөө даржээ. “Улаанбаатар төмөр зам”-д, нүүрсний уурхайд тавьсан өрөө дараад, цалингаа нэмнэ гэдэг өмнөхтэйгээ харьцуулбал бас ч гэж боломжийн. Харин техникээ шинэчлэх, урсгал засвар хийх, тоног төхөөрөмж авахад зориулах мөнгөө нэмж чадаагүй байна. Энэ бол эрчим хүчний салбарынханд ч, хэрэглэгчдэд ч муу мэдээ. ДЦС зогсвол цахилгаан, дулаан тасарна. Тэгвэл юу болохыг мэдсээр байж дулааны үнэ нэмэхийг 2025.09.16 биш, 2026.01.01 болгож хойшлуулсан нь Засгийн газар. Ард түмэн биш.