Байгаль орчны шинжилгээний лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, чадавхыг сайжруулах зорилггор БОУАӨЯ Усны газрын Усны лаборатори, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн лаборатори, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Усны биологийн лаборатори, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн лабораторийг Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нэгтгэхээр боллоо. Байгаль орчны салбарын лабораториудыг нэгтгэснээр Засгийн газрын байгаль хамгаалах нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа сайжирна гэж тус яам үзэж байна.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан, одоогийн бүрдсэн нөөцөд тулгуурлан, Өмнөговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг говийн бүсийн төв лаборатори, Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг баруун бүсийн төв лаборатори, Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг хангайн бүсийн төв лаборатори, Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг төвийн бүсийн төв лаборатори, Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг зүүн бүсийн төв лаборатори болгон өргөжүүлэх аж.