Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Ц.Сүхбаатартай уулзаж ярилцлаа. Нэгэн цагт төр түшилцэж явсан энэ эрхэм Ахмадын холбоог удирдаад 10 жилийн нүүр үзэж байна.

-Цаг үеэ дагаад хүмүүсийн хоорондын харилцаа, чиг хандлагад их өөрчлөлт гарч байна. Энэ нь ахмадуудад хэр нөлөөлж байгаа бол…?
-Монголд өнөөдөр 390 мянга орчим ахмад настан байна. Жил ирэх тусам энэ тоо ихсэх магадлалтай. 20 иод жилийн өмнө ахмадууд хүн амын 56 хувийг эзэлж байсан бол одоо 10 хувь орчим боллоо. 2050 он гэхэд хүн амын 20 хувьд хүрч 500 мянгаад ахмад настантай болно гэсэн тооцоо су далгаа байдаг. Энэ нь ахмад настантай холбоотой шийдвэрлэх асуудлууд ар араасаа тулгарч ирнэ гэсэн үг. Ялангуяа амьжиргааны асуудал. Зах зээлийн бэрх үеийг ахмадууд их хүндрэлтэйгээр туулж ирсэн. Ганцхан жишээ хэлэхэд, 1990-ээд онд өмч хувьчлал явагдахад өмч хөрөнгөгүй, юу ч үгүй үлдсэн хүмүүс бол ахмад настнууд. Гэтэл манай ахмадууд социализмыг байгуулсан, бүр урагшлуулж хэлбэл, Халх голын байлдаанд ялж эх орноо хамгаалсан, тэгээд нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших гээд Монгол орны бүх хөгжил дэвшилд гар бие оролцож, хөдөлмөр зүтгэлээрээ өнөөдрийн нийгмийн суурийг тавьсан нь яах аргагүй үнэн. Үүнтэй хэн ч маргахгүй.
Харамсалтай нь сүүлийн 20-иод жилийн дотор ахмадуудын амьдрал улам доройтсоор байна. Сар бүр тэтгэвэр авч байгаа нь үнэн ч тэдний 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээтэй. Одоогоос 20 жилийн өмнө цалингийн хэмжээ ямар байлаа гэж бодохоор түүгээр тогтоосон тэтгэврийн хэмжээ бага байлгүй яахав. Өөр нэг зүйл нь тухайн үед ажиллаж байсан нэгдэл, сангийн аж ахуй байхгүй болж, олон байгууллага чиглэл чиглэлдээ татан буугдсанаар тэд ажиллаж байсан хүмүүсийг харж хандах газаргүй болсон.
-Ахмад үеийнхний өнөөгийн нийгмийг цогцлоож өгсөн хөрсөн дээр одоогийн залуус эзэн болоод үлдэх нь жам. Харин эргээд залуу үеэс ахмадууддаа хандах хандлага харь хүйтэн болоод байх шиг?
-Манайх чинь Ахмад настны тухай бие даасан хуультай улс шүү дээ. Улс орон бүрд ийм хууль байдаггүй. Тийм болохоор ахмадуудаа хамгаалах, төрөөс үзүүлэх үйлчилгээ болон эрх зүйн орчин бүрдсэн нь сайн хэрэг. Хууль үйлчилнэ гэдэг чинь ахмадууддаа анхаарал тавьж хүнлэг хандах л зорилготой шүү дээ. Тухайлбал, ахмад настан болсон хүний урьд ажиллаж байсан байгууллага татан буугдсан бол тэр өмч хөрөнгийг нь эзэмшиж байгаа, залгамжлан үргэлжлүүлж байгаа компани, байгууллага бүртгэж авч тэдгээр ахмадад анхаарал халамж тавих ёстой гэдгийг хуульчлаад өгчихсөн байгаа юм. Гэтэл түүнийг нь хэрэгжүүлдэггүй, “Манайх шинэ компани. Манайд ахмад настан байхгүй” гээд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа нь настан дээдсээ хүндэлдэг хуучны ёс жаяг алга болсны л шинж шүү дээ.
-Таны дээр хэлсэнчлэн насандаа “суусан” хүмүүсийн 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр “цалинжиж” байгаа гэсэн. Хүмүүст янз бүрийн хэрэгцээ байдаг. Гэтэл тэтгэврийн зээлэнд бас өөрчлөлт оруулчихлаа. Тогтоосон тэтгэврийн 60 хүртэлх хувийг л зээлээр өгөх болсон нь ахмадуудыг бухимдуулж байна?
-Зээлийн асуудал хоёр талтай. Мэдээж, ахмадууд зээл авахыг хүсэлгүй яахав, хэрэгцээ байгаа хойно. Нөгөөтэйгүүр банкинд ашиг хүртэх боломж олдож байгаа. Энэ хоёр сонирхол нэгдээд тэтгэврийн зээл ийм болсон хэрэг. Сонгодог утгаар нь авч үзвэл буруу үйл ажиллагаа л даа. Яагаад гэвэл сарын тэтгэвэр гэдэг сарын амьжиргаанд дөнгөн данган хүрэх л хангамж шүү дээ. Гэтэл хоёр жилээр зээл авчихаар гар дээрээ тавих улаан мөнгөгүйгээр амьдрах болдог. Энэ бол маш аймшигтай асуудал. Сар бүрийн өчүүхэн тэтгэврээр амьдарч чадахгүй байхад ор тэтгэвэргүй болохоор яаж хоол ундтай амьдрах вэ. Үүнийг зохицуулах гэж Засгийн газраас харьяа яамнаас холбогдох арга хэмжээ авч байгааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, арай зөөлрүүлэх арга хэмжээ хайж байгаа хэрэг юм. Огт зээл олгохгүй болохоор ахмадууд зээл авъя гээд байдаг, нэг ч төгрөг үлдээхгүй зээл өгчихье гэхээр тэдний амьдралыг үнэхээр хүндрүүлээд байдаг. Тэгэхээр нь амьдралын баталгаажих төвшний доод хэмжээгээр тэтгэврийн зээл олгоод үлдсэн хэсэгт нь зээл олгоё гээд шийдчихсэн юм. Энэ нь тэтгэврээ бүгдийг нь зээл болгоод авч байсан хүмүүсийн сэтгэлд нийцсэнгүй л дээ. Ингээд эцэст нь 50:50 хувиар шийдвэрлэхээр ярилцаж байна.
Энд зайлшгүй хөндөх нэг асуудал бол зээлийн хүүгийн тухай юм. Яахаараа банкууд олон жилийн турш зээлийн хүүгээр баяжаад мөнгө хүүлээд байна вэ. Зээлийнхээ хүүг бууруулах хэрэгтэй шүү дээ. Тэр 70, 80, 90 хүрсэн хүмүүсийн зээлийн хүүгээр банк баяжаад мөнгө хүүлээд байж болохгүй. Зөвхөн зээлийн хүүгээр 2-3 тэрбум төгрөгийн ашиг олж байна шүү дээ. Ингэж ашиг орлогын хэрэгсэл болгож байгаад ахмадууд шүүмжлэлтэй хандаад байгаа юм.
-Төр, засгаас ахмадуудад чиглэсэн бодлого боловсруулахдаа танайхтай хэр холбоотой ажилладаг юм бэ?
-Ахмад настны хуулинд олон удаа өөрчлөлт орууллаа. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны зургадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Засгийн газрын олон тогтоол гарсан. Энэ бүхэнд Ахмадын холбооны саналыг хүлээж авдаг. Ахмадын холбооны санал гэдэг маань ахмадуудын үзэл бодлын илэрхийлэл. Ахмад настнуудын дэвшүүлсэн санал бодлыг бид төрд хүргэж байгаа үйл явц юм. Ялангуяа хууль боловсруулахаас эхлээд батлагдах хүртэлх процесст яам, Засгийн газар УИХ-ын түвшинд Ахмадын холбооныхон саналаа оруулдаг, тэр хэрээрээ дэмжигдэж явдаг. Авч байгаа арга хэм жээний хувьд хөрөнгө санхүүгийн нөөц бололцоотой холбогдуулаад жишээлбэл, тэтгэврийг санасан хэмжээнд нь хүртэл нэмэх асуудал хязгаарлагдмал байдгийг үгүйсгэхгүй.
-Хавар болохоор ахмад настнууд эмнэлгийн ор хоногийг дүүргээд элдэв дусал хийлгээд хэвтчихдэг. Энэ нь ЭМД-ын санд нөлөөлж байна гэх утгатай мэдэгдлийг Эрүүл мэндийн сайд хийсэн нь өндөр настнуудыг ихэд цухалдуулсан. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Ер нь ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй бөгөөд тэтгэврийнхэн энэ тал дээр маш их бухимдалтай байдаг. Ахмад настанд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний тусгайлсан хөтөлбөр гэж байхгүй. Тэд өрхийн эмнэлэг дээр дугаарлаж анхан шатны үйлчилгээ авч хоёр дахь шатны үйлчилгээнд очихоор ахмадуудад түргэн шуурхай үйлчлэх ч юм уу, үзүүлэх тусламж нь хомс байдаг. Гурав дахь шатны эмнэлгээс ахмадууд үндсэндээ үйлчилгээ авч чадахгүй байгаа. Үнэндээ төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг ахмадуудыг хүлээж авахгүй төвөгшөөсөн хандлагатай байдаг нь нууц биш. Тэнд очиж даралтаа үзүүлэх нь бүү хэл, дараалал хүлээсээр даралт нь ихсээд унаад өгч байгаа ахмадууд ч байна. Хуучин бол ахмадуудаа хүндэлдэг, дарааллын урдуур оруулдаг, гавьяа зүтгэлтэй ахмадуудад тусгайлан үйлчилдэг эмнэлэг хүртэл байсан. Одоо бол тэр бүхэн үгүй болсон шүү дээ. Даралт, зүрх гээд ахмадуудад хамгийн их хэрэг лэгддэг эм тарианы жагсаалтыг тусгайлан батлаад өгөөч ээ гэж Монголын ахмадын холбоо олон удаа хүсэлт гаргасан. Харамсалтай нь биелэгдэхгүй байгаа. Ахмадууд чинь харин эмнэлэгт хэвтэх ёстой. Тэнд дуслаа хийлгэнэ үү, ямар эмчилгээгээ хийлгэх нь эмч нарын мэдэх асуудал. Гэтэл тэднийг ад үзсэн хандлагатай мэдэгдлийг төрийн сайд хийж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Үүнийхээ төлөө төрийн сайд Монголын ахмадуудаас уучлалт гуйх хэрэгтэй. Эмчилж чадахгүй, илааршуулж чадахгүй байж арай ядан дугаарлаад эмнэлэгт хэвтэхэд нь ад үзэж болохгүй шүү дээ.
-Ахмад настан жилдээ нэг удаа сувилалд эмчлүүлэх заалт хуулинд бий. Үүнийг ашиглаад амардаг нь ч бий, амждаггүй нь ч бий. Овжин зарим нь амралт бүрд очиж амардаг гэх ойлголт ч байна. Энэ талаар?
-Амралттайгаа нийлээд хоёр ч удаа явж болох боломжтой. Монголд 5-6 томоохон рашаан сувилал байдаг. Үүнд явж амарсан ахмадуудын сувиллын болон унааны зардлын 50 хувийг хөнгөлнө гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр цөөхөн сувилалд явж байна гээд рашаан гэдэг үгийг нь хасаад “сувилалд” болгоод хуулийн өөрчлөлтөд оруулсан байгаа. Сувилал болчихоор ахмадуудын очдог газрын тоо нэмэгдээд 30-40 болсон. Тэгэхдээ 4-5 удаа сувилалд явдаг ахмад байдаг. Гэвч хуулинд заасны дагуу хөнгөлөлтөө эдлээд үлдсэн амралт сувиллын мөнгөө өөрөөсөө төлж байгаа нь тодорхой.
-Сошиал ертөнцийн эринд нийгмийн сүлжээгээр “50, 60-аад оныхон үхэж байж нийгэм сайхан болох гээд байна. Үхээд өгөөч” хэмээн ил цагаан зарладаг боллоо. Үүн дээр та ямар үзэл бодолтой байдаг вэ?
-Ах захаа мэддэг, аав ээжийгээ асардаг жинхэнэ хүнлэг энэрэнгүй нийгэмд өсч хүмүүжсэн улс шүү дээ, бид. Одоо бол нийгэм өөрчлөгдөхийн хэрээр ахмадууд аливаад ширвэгдэж дорд үзэгдсэн үйл явцууд алхам тутамд ажиглагдаж, мэдрэгдэж байна. Автобусанд шахцалдаад түлхээд байхаар нь “Настай хүнийг яаж байгаа юм бэ” гэтэл “Чамайг хэн насал гэсэн юм бэ” гэсэн үйл явдал надтай тохиолдож л байлаа.
Цаашлаад ах захаа хүндлэхээ байлаа, суудал тавьж өгөх нь бүү хэл дэлгүүр хоршоо, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ төвөгшөөдөг болж байна. Энэ бүхэн нэг ёсны ялгаварлан гадуурхалт юм. Ахмадуудаа хэрхэн хүндлэх талаар даацтай өргөн хэмжээний арга хэмжээ авахгүй бол жинхэнэ утгаараа улны улс боллоо.
-Амьдралын туршлага гэдэг дахин давтагдашгүй капитал юм. Ахмадуудын ийм баялгийг ашигламаар санагддаг. Та санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. Салбар салбартаа өндөр мэргэшсэн ахмадуудын хүчийг ашиглаж, ялангуяа залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх чиглэлээр далайцтай ажил зохион байгуулах шаардлагатай гэж үздэг. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмадын шинэчилсэн хуулинд хэд хэдэн чухал заалт орсон. Тухайлбал, ахмад настан ажлаа үргэлжлүүлэн хийж болно гэсэн заалт бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажлын дадлага туршлагатай хүнийг тэтгэврийн насанд хүрсэн ч ажлын байрнаас шахаж болохгүй гээд заагаад өгчихсөн маш чухал заалт. Мөн 50-иас дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа хоёр хувиас доошгүй хувьд нь ахмад ажилтныг авч ажиллуулах заалт. Энэ бүхэн чинь л жинхэнэ утгаараа ахмадуудад урам зориг, дэм өгнө.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Н.Саранчимэг
2025-05-22 03:50:15
тэтгэвэрийн насанд хүрсэн биз дээ тэтгэвэртээ гар гэж удирдлага нь дарамталж шахдаг болсон бх юм. тойрохгүй дайрдаг л нас даа