Улсын дээд шүүхээс “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.23/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг угтан холбогдох асуудлаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Хүний сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэх жишиг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинэлэг ойлголт байсаар байна. Олон нийт ч энэ талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг, хомс гэж хэлж болохуйц. Ярилцлагынхаа эхэнд та энэхүү ойлголт, тэр дундаа хууль эрх зүйн орчинд хүний сэтгэцэд учирсан гэм хор гэж юуг тодорхойлж буй талаар мэдээлэл өгөхгүй юү. Яагаад өнөөгийн нийгэмд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэхүү ойлголт орж ирэх шаардлагатай болов?
-Аливаа гэнэтийн тааламжгүй зүйл бүхэн хүний ой тойнд сөргөөр нөлөөлж, стресс бухимдлыг төрүүлж байна шүү дээ. Ялангуяа гэмт халдлагын хохирогч болсон тохиолдолд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохын зэрэгцээ түүнээс улбаалан тодорхой хэмжээнд сэтгэл санаагаар давхар хохирох нь гарцаагүй. Гэхдээ хүний өссөн орчин, зан суртахуун, хүмүүжил, боловсрол, мэдлэг, ур чадвар, туршлага, оюуны хөгжил зэрэг хувь хүний онцлогоос шалтгаалж гэмт хэргийн улмаас сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл нь харилцан адилгүй байх. Тэгвэл шүүх энэ асуудлыг хэрхэн шийдэж байсан бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.
Эрүүгийн хууль тогтоомжид гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ хэмээн тодорхойлсноос үзвэл эдийн бус хохирлын нэг төрөл болох сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрсөн мэт боловч түүнийг тооцох, барагдуулах эрх зүйн зохицуулалт дутмаг байснаас практикт хохирогч өөрт учирсан хохирлоо бодитой нөхөн төлүүлэх эрхээ бүрэн эдэлж чадахгүй явсаар ирсэн.
Учир нь, эрүүгийн хэргийн хохирол, төлбөрийн асуудлыг иргэний хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэх журамтай бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус хохирлыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр, мөн “Эдийн бус хохирлыг арилгах” гэсэн 511 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлыг арилгахаар явцуу хүрээнд зохицуулагдсан нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны хор хохирлыг барагдуулахад саад бэрхшээл болж байв. Шүүхийн практикт цөөн хэдэн тохиолдлыг эс тооцвол үндсэндээ сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэдэггүй байсан гэж хэлж болно.
2022 онд батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудын хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгахаар зохицуулсан нь нэг талаар хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үзэл санааг дэвшүүлсэн бол, нөгөө талаас эдийн бус гэм хорын эрх зүйг хөгжүүлэхэд чухал алхам болсон гэж үзэх боломжтой.
Энгийнээр тайлбарлавал, гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амссаны улмаас хүний сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, өмнөх шиг амьдарч чадахгүй болсон тохиолдолд үүнийг хор уршиг гэж үзэж мөнгөн хэлбэрээр гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг шинээр хуульчилсан гэж ойлгож болно.
-Эрүүгийн хуулиар эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин төлөвшсөн гэхэд хилсдэхгүй. Харин эдийн бус, сэтгэл санааны хохирол, түүнийг арилгах арга замыг хуульд тусгасан ч хохирлын хэмжээг хэрхэн тооцох вэ гэдэг нь асуудал байсаар ирсэн гэхэд буруудахгүй мэт. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль эрх зүйн орчин ямар байгаа вэ?
-Шүүх шинжилгээний тухай хуулиар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үнэлгээг хийх гэмт хэргийг нэрлэн зааж, шинжилгээ хийхэд харгалзан үзэх нөхцөлүүдийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах боломжтой гэж үзсэн гэмт хэргүүдийг хууль тогтоогч тодорхойлохдоо хувь хүн хохирсон байх шалгуурыг харгалзан үзсэн ба энэ төрлийн шинжилгээ хийхдээ тухайн гэмт хэргийн хохирогч, эсхүл хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүн байх, эдгээр хүмүүсийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх, энэхүү сэтгэцийн хямрал, эмгэг нь шинжилгээгээр тогтоогдсон байх шаардлага тавьсан байна. Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээний хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан жишиг аргачлал батлахыг Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хамааруулан Шүүхийн тухай хуульд, Иргэний хуулийн гэм хорын зохицуулалтад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.
Бусад улс орнуудын туршлагаас харахад бие махбодод учирсан гэмтлийн улмаас үүссэн өвдөлт, зовуурь шаналал болон сэтгэцийн эрүүл мэнд алдагдах гэсэн хоёр тусдаа ойлголтыг авч үздэг болох нь судалгаагаар харагддаг. Тухайлбал, гэмтлээс үүссэн өвдөлт, зовуурь шаналлын нөхөн төлбөр /Pain and Sufferings/ нь хүний бие махбодод гэмтэл учруулсан тохиолдолд хатуу шалгуургүйгээр нөхөн төлнө. Өөрөөр хэлбэл, гэмтлийн шинж, зэргийг харгалзан урьдчилан тогтоосон тариф болон хүснэгтийг ашиглах буюу объектив шалгуураар өвдөлт, зовуурь, шаналлын нөхөн төлбөрийг төлөх бол цэвэр сэтгэлийн шаналлын нөхөн төлбөр /emotional distress/ нь субьектив байдлаар буюу гагцхүү анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалаар тогтоосон сэтгэцийн өвчин, эмгэгт нөхөн төлбөр төлдөг онцлогтой.
-Хэдэн төрлийн ямар хэргүүдэд сэтгэцэд учирсан хохирлын төлбөр тооцож гаргах вэ. Хохирол тооцох хэргийн жагсаалт гэж гаргах нь оновчтой юу?
-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийт 85 гэмт хэрэгт сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийхээр заасан боловч сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д нийтлэг гардаг таван төрлийн 20 гаруй гэмт хэргийн сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилан тогтоож, тэрхүү жишгээр нийтлэг байдлаар хэрэглэхээр журамласан нь сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоож, нөхөн төлөх гэсэн хуулийн үндсэн үзэл санааг алдагдуулсан шинжтэй гэж харж байгаа. Мөн 85 гэмт хэргийг тоочиж сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоохоор хуульчлах уу, эсхүл гэм хорын нэхэмжлэлийг үндэслэн шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзвэл сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх үү гэдэг асуудал зүй ёсоор тавигдана.
Түүнчлэн Иргэний хуульд хохирогч нас барсан бол хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг хатуу тогтоосноос хэрэглээнд хүндрэл бэрхшээл үүсгэхээс гадна нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийхээр Шүүх шинжилгээний тухай хуульд заасан нь хууль хоорондын зөрчил үүсгэж болзошгүй байна.
-Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг үнэлж, тогтоохдоо шинжээчийн, эсвэл мөрдөгчийн дүгнэлтээр шийдэж байгаа ажиглагддаг. Улсын дээд шүүхээс энэ асуудалд жишиг тогтоол гаргасан уу. Мөрдөгчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг авах боломжтой юу?
-“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын хавсралтад заасан тухайлсан хэргийн сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилан тогтоосон хүснэгтийг ашиглан мөрдөгч тогтоох тохиолдол практикт нэлээд гарсан. Хууль зүйн талаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, журам, оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шинжилгээ хийх үндэслэл, журмыг тодорхойлсон Шүүх шинжилгээний тухай хуулийн алинд нь ч мөрдөгчид ийм эрх олгогдоогүй.
Нөгөөтэйгүүр, сэтгэцийн хор уршиг нь тухайн хэргийн нөхцөл байдал, хохирогчид үзүүлсэн нөлөөллөөс шалтгаалан янз бүрээр илрэн гарах учраас бүх хэрэгт нийтлэг байдлаар үйлчлэх хүснэгтийг ашиглан тодорхойлох боломжгүй юм. Энэ агуулгаараа нарийн мэргэжлийн шинжээчийн хийсэн шинжилгээгээр тогтооно гэсэн зохицуулалтыг хуульд оруулсан гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас энэ асуудлыг шийдвэрлэж хэд хэдэн жишиг тогтоол гаргасан.
-Хяналтын шатны шүүхэд хянагдсан сэтгэцэд учирсан хохиролд нөхөн төлбөр гаргуулахтай холбоотойгоор нийт хэчнээн хэрэг хянан шийдвэрлэсэн вэ?
-Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн хооронд нийт 202 хэргийг хянан хэлэлцсэн. Үүний 17.3 хувь буюу 35 хэрэг нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахтай холбоотой хянан шийдвэрлэсэн хэрэг байна. Тодруулбал, 2024 онд 24, 2025 онд 11 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн.
Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахтай холбоотой 35 хэргийг зүйлчлэлээр нарийвчлан үзвэл хүнийг алах гэмт хэрэг 12 буюу 34.3, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах хэрэг 1 буюу 2.8, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг 5 буюу 14.3, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх хэрэг 3 буюу 8.6, хууль бусаар үр хөндөх 1 хэрэг буюу 2.8, малын хулгайн хэрэг 1 буюу 2.8, хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгслийг импортлосон, худалдсан 1 хэрэг буюу 2.8, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг 11 буюу 31.4 хувийг тус тус эзэлж байна.
-Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг бусад улс орон хэрхэн зохицуулж, тооцдог вэ?
-Гадны улс орнуудын гэм хорын эрх зүйн тогтолцоо, тэр дундаа сэтгэл санаанд учирсан хор уршгийг гаргуулж буй туршлага харилцан адилгүй байна. Эхэндээ энэ асуудлыг шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар тогтоох нь зүйтэй бөгөөд гэмт хэргийн хор хохирол хохирогчийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж буйг яг таг тогтоох боломжгүйтэй холбож тайлбарладаг байжээ. Одоо ч шүүхийн практикаар жишиг тогтсон улс орнууд байдаг. Ихэнх улсад хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг урьдчилан тогтоосон хүснэгтээр шийдвэрлэх хандлагатай байна. Тэр хүснэгтийг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгааллын асуудал хариуцсан салбарын яамд, эсхүл хуульч, өмгөөлөгчдийн холбоод гэх зэрэг байгууллагууд шүүхийн шийдвэр, практикт үндэслэн боловсруулж, эдийн засгийн өсөлт, инфляцтай уялдуулан шинэчилж баталдаг.
Мэдээж хүний сэтгэцийн хэвийн байдал алдагдсан бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний арга, аргачлалаар тогтоож, түүнд үндэслэн нөхөн төлбөр гаргуулах нь бий. Эдгээрээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохиролд бие махбодын гэмтлээс бодитой мэдэрсэн өвдөлт, зовуурь шаналал, үүн дээр нэмэх нь гэмтлээс үүдсэн хохирогчийн сэтгэцийн хямрал, эмгэг гэсэн хоёр асуудлыг хамтад нь авч үзэхгүй бол асуудал бүрэн дүүрэн шийдэгдэхгүй болов уу гэж би хувьдаа үздэг.
-Ярилцлагынхаа төгсгөлд өнөөдөр /2025.05.23/ зохион байгуулж буй “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
-Иргэний хуулийн гэм хорын хохиролтой холбоотой зохицуулалтад сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлж, Шүүх шинжилгээний тухай хуулиар хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээ хийж тогтоох, нөхөн төлбөрийн жишиг хэмжээг тогтоосон аргачлал батлахыг Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хамааруулсан нь гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон.
Гэсэн хэдий ч хуулийн зарим тодорхойгүй асуудал, хууль хоорондын зөрчлөөс үүдэн практикт тодорхой хүндрэлүүд үүсэх төлөвтэй байгаа учраас Улсын дээд шүүх санаачлан хууль тогтоогч, салбарын яам, тухайн асуудлыг хариуцсан Шүүх шинжилгээний төв байгууллага, прокурор, өмгөөлөл болон олон нийтийн байгууллагын төлөөллийн оролцоотой өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн хэлэлцүүлэгт урилгаар гадны туршлагатай хуульч, эрдэмтдийг оролцуулна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж, салбар салбарын төлөөллийн оролцоог хангаж байгаа учраас сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн олон чухал асуудлыг дэвшүүлэн хэлэлцэнэ гэж найдаж байгаа. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг тусган хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хууль санаачлагчид хүргүүлэх нь бидний гол зорилго юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Б.Ням