horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Г.Ганбаясгах: Манай улс хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг химийн аргаар хөнгөлөхийн тулд олон талын судалгаа хийх шаардлагатай

post-img

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг олон улсад химийн аргаар хөнгөлдөг туршлага бий. Энэ талаар “Хүйсийн тэгш эрх” ТББ-ын захирал Г.Ганбаясгахтай ярилцлаа.

—————————————————————————-

-Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд зарим улс орон химийн хөнгөлөх арга хэмжээ авдаг гэсэн. Эдгээр улсын туршлагаас ярихгүй юу?

-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох зорилгоор дэлхийн зарим улс оронд цахим хяналт (электрон гав) болон химийн хөнгөлөх эмчилгээг хэрэгжүүлдэг. Тухайлбал, БНСУ-д 2008 оноос эхлэн бэлгийн гэмт хэрэгтнүүдийг 24 цагийн турш байршлыг нь хянах зорилгоор GPS суурилсан цахим гав ашиглаж эхэлсэн. Энэ нь дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зорилготой гэсэн үг. Мөн энэ улсад 2011 онд 16-гаас доош насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүдэд химийн хөнгөлөх эмчилгээ хийх хууль батлагдсан. Энэ нь Азийн орнуудаас анх удаа ийм төрлийн хуулийг хэрэгжүүлсэн тохиолдол. Мөн Польш, ОХУ, Индонез, Пакистан, Мадагаскар зэрэг улсад гэмт этгээдүүдэд химийн хөнгөлөх эмчилгээ хийх хуулийг тус тус баталсан байдаг. Энэ нь дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, хохирогчдын аюулгүй байдлыг хангах давуу талтай. Нөгөө талаас хүний эрхийн зөрчил, сэтгэл зүйн болон бие махбодын сөрөг нөлөө, дахин гэмт хэрэг үйлдэх магадлалыг бүрэн арилгахгүй байх сул талтай байж болно.

-Энэ төрлийн ял шийтгэлийг Монгол Улсад хэрэгжүүлэх тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсад бага насны хүүхдийг хүчиндэгч гэмт хэрэгтнийг цахим гав буюу электрон хяналт, химийн хөнгөлөх эмчилгээнд хамруулах асуудлыг авч үзэхэд олон талт бодлого, хууль эрх зүйн, ёс суртахуун, хүний эрхийн хүрээнд дүгнэлт, судалгаа хийх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж, хохирогчдын 70 гаруй хувь нь ойрын хамаатан садандаа хүчирхийлүүлж буй тохиолдол гарч байгаа. Тийм учраас хүүхдийн аюулгүй байдал, хамгааллыг нэн тэргүүнд тавих нийгмийн шаардлага нэмэгдэж, олон нийтийн зүгээс хариуцлага нэхэх хандлага ажиглагдаж байна. Хөнгөлөх эмчилгээ нь тухайн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ байж болно. Гэхдээ манай улсад шууд хэрэгжүүлэхэд эрсдэлтэй.

Олон нийтийн хэлэлцүүлэг, хууль зүйн судалгаа, хүний эрхийн үнэлгээний дараа шийдэх асуудал. Химийн хөнгөлөх эмчилгээ хийхэд анагаах ухааны шинжилгээ, сэтгэц оношилгоо, эмийн хяналт, түүний сөрөг нөлөө, нийгмийн сэтгэл зүйн бэлтгэл сул гэх мэт шалтгаанаар хэрэгжүүлэхийн тулд судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Мөн Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд цахим гав болон хөнгөлөх эмчилгээг хэрэглэх тухай тусгай зохицуулалт байхгүй. Энэ утгаараа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Олон улсад хүчингийн хэрэг үйлдэгчийг олон нийтэд зарладаг тогтолцоо байдаг юм болов уу?

-Олон улс оронд бэлгийн хүчирхийлэл, хүчингийн хэрэг үйлдэгчдийг олон нийтэд мэдээлж, хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлдэг. Тухайлбал, АНУ-ын бүх мужид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг бүртгэж, олон нийтийн вэб сайтад мэдээллийг нийтэлдэг. Мэдээлэлд нь нэр, зураг, оршин суугаа хаяг, ажил эрхлэлт, сургуулийн байршил зэрэг ордог. Үүний шалтгаан нь хүн амын аюулгүй байдлыг хангах зорилгоор мэдээллийг олон нийтэд ил болгодог гэсэн үг. Япон улсад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтний бүртгэл байдаг боловч олон нийтэд мэдээлэл нь нээлттэй биш.

Харин цагдаагийн байгууллагууд болон хууль сахиулах албаныхан уг мэдээллийг ашигладаг. Эдгээр бүртгэл, мэдээллийн ил тод байдлын зорилго нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Гэвч зарим улс орон хүний эрхийн асуудалтай холбоотойгоор ийм мэдээллийг нууцлах бодлого баримталдаг. Манай улсын хувьд хүчингийн гэмт хэрэгтнийг олон нийтэд мэдээлэхийг зөвшөөрдөггүй.

-Монгол Улсад хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгаан нь хүчирхийлэгчдэд ногдуулж буй ял, шийтгэлтэй холбон үзэж болох уу?

-Хэрэв ганцхан шалт гаан байдаг бол энэ төрлийн гэмт хэргийг маш амархан засан сайжруулах боломжтой. Харамсалтай нь энэ асуудалд хууль эрх зүй, нийгэм, гэр бүл, ял шийтгэлийн оновчтой байдал, урьдчилан сэргийлэх мэдээлэл, боловсрол олгох гээд маш олон хүчин зүйл харилцан хамааралтай нөлөөлж байдаг. Ер нь хууль эрх зүйн орчин нь тодорхой, түүнийгээ олон нийтэд маш ойлгомжтойгоор сурталчилдаг, шүүхээс оногдуулж буй ял шийтгэл оновчтой байх нь урьдчилан сэргийлэхэд чухал үр нөлөөтэй. Жишээ нь, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд хэдэн жилийн ял шийтгэл хүлээх талаар хүн бүрд мэдээлэл хүрдэг байх хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдэгч шийтгэл хүлээхгүй, хэт хөнгөдсөн ял шийтгэл хүлээхийг харсан олон нийт энэ төрлийн гэмт хэргийг ноцтой бус гэж ойлгох, үл ойшоох хандлага бий болдог. Тийм учраас химийн хөнгөлөх арга хэмжээг манай улсад маш сайн судалгаа хийж байж оруулж ирэх эсэхээ шийдэх нь зөв.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000