horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Торстен Фрай: Оросууд цаг хожихыг л хүсч байна

post-img

Politico агентлаг “АНУ-ын засаг захиргаа Канад дахь Банф хотод Их долоогийн орнуудын Сангийн сайд нарын хуралдаанаас гаргах G7-ийн мэдэгдэлд Украиныг цааш нь дэмжихийг болон Оросын Украин руу хийсэн түрэмгийллийг хууль бус гэж тодорхойлохыг эсэргүүцсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Украины дайны гурван жилийн ойг тохиолдуулан гаргасан G7-ийн мэдэгдэлд АНУ бас Оросыг “түрэмгийлэгч” гэж нэрлэхийн эсрэг байр сууриа илэрхийлж байсан. Үүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур 30 гаруй хүний амийг авч одсон Суми хот руу хийсэн ОХУ-ын пуужингийн цохилтыг буруушаасан Их долоогийн хамтарсан мэдэгдэлд Вашингтон гарын үсэг зурахаас татгалзаж байсан юм” гэж мэдээлэв. Харин Bloomberg агентлаг энэ явдлыг “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ шийдвэрээ Украинд гал зогсоох, энхийн яриа хэлэлцээний орон зайг хадгалах явдал гэж тайлбарласан байна” гэжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Конгрессын сонсголын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Украинд үйлдсэн дайны гэмт хэрэгт нь ямар хариуцлага хүлээлгэх тухай асуултад шууд хариулахаас удаа дараа зайлсхийж, “Вашингтоны нэн тэргүүний зорилт бол дайныг зогсоох хэлэлцээ юм” гэж тайлбарлав.

Хурц ширүүн явдлаар дүүрэн өрнөсөн уг хуралдааны үеэр Ардчилсан намын төлөөлөгч Билл Китинг “Рубио сенатор байхдаа Путиныг эрс хатуу шүүмжилдэг байсан” гээд түүнээс “Харин одоо та Оросын удирдагчийг дайны гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа эсэхээ гишүүдэд шууд хэл” гэж шаардахад аргагүй байдалд орсон Рубио “Украины дайнд гэмт хэргүүд үйлдэгдсэн. Иймээс эдгээр хэргийг үйлдсэн хүмүүс хариуцлагаа хүлээх болно. Гэхдээ бидний одоогийн зорилго бол энэ дайныг дуусгах явдал юм. Учир нь энэ дайн үргэлжилж байгаа, өдөр бүр хүмүүс амь үрэгдэж, олон хүн тахир дутуу болж, ний нуугүй хэлэхэд, илүү олон дайны гэмт хэрэг үйлдэгдэж байна. Вашингтон Москватай яриа хэлэлцээ хийж байгаа нь энэ явдлыг дуусгахад тодорхой хэмжээний ашиг тус хүргэнэ. Хэрвээ 1961 онд АНУ, ОХУ-ын хооронд шууд холбоо байгаагүй бол Кубын пуужингийн хямрал дэлхийн оршин тогтнохыг болиулах байсан” гэж хэлэв. Үүний дараа Китинг Төрийн нарийн бичгийн даргыг “АНУ төдийгүй олон улсад үл ойлголцол, ойлгомжгүй байдал бий болгож байна” гэж буруутгасан юм.

Тэгвэл Киевийн эрх баригчид болон барууны түншүүдийн уриалж буй Украинд урт хугацааны гал зогсоох хэлэлцээрийг Москва хүлээн авах хүсэлгүй байгааг ОХУын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баталж орхив. Лавров Ереван дахь ОросАрменийн их сургуульд энэ сарын 21-ний лхагва гаригт үг хэлэхдээ “Гал зогсоож, дараа нь Украин дахь дайныг зогсоох нөхцөлийн талаар хэлэлцээ хийх нь явцгүй зүйл. Бид энэ түүхийг аль хэдийнэ мэддэг болсон. Иймээс бид үүнийг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Станбулд 2022 онд болсон Орос, Украины яриа хэлэлцээг Украины төлөөлөгчид боломжгүй болгон зогсоож байсан” гэж хэлжээ. Үнэндээ бол оросууд 2022 онд Станбулд Украиныг газар нутгаа сайн дураар өгч, зэвсгээ хураалгахыг шаардсан учир Украины тал уг хэлэлцээг орхихоос өөр аргагүй болсон юм. Харин оросууд өнөөдөр ч “Хэрэв Их Британийн ерөнхий сайд байсан Борис Жонсон ятгаагүй бол Украин бууж өгч, дайн зогсох байсан” гэж тайлбарладаг. Мөн зарим олон улс судлаачид энэ явдлаас болж Оросын тусгай албадын нууц явуулгаар Борис Жонсон албан тушаалаа өгсөн гэж үздэг юм. Сергей Лавров мөн энэ үеэр “Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар АНУын ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын эсрэг илүү их хориг арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж буруутгажээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Харамсалтай нь оросууд гал зогсоох дохио өгөхгүй, тэд дайныг зогсооход бэлэн биш гэдгээ харуулж байна. Тиймээс бидний түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж байгаа Орост үзүүлж буй бүх төрлийн дарамт шахалт нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. Дарамт шахалт л гал зогсоож чадна. Орост эдийн засгийн, дайны талбарт, ус төрийн дарамт үзүүлж байж л дайн зогсоно. Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров надад шинэ зэвсэг үйлдвэрлэх талаар түншүүдтэйгээ хийсэн ажлынхаа талаар тайлагнасан. Украины зэвсгийн үйлдвэрлэл өсөх болно. Учир нь энэ нь бидний аюулгүй байдлын урт хугацааны баталгаа юм” гэж хэлжээ.

Мөн Германы Канцлерын Тамгын газрын дарга Торстен Фрай “Орос улс зэвсэг ашиглахгүй байхыг огт сонирхохгүй байгаа нь ялангуяа сүүлийн өдрүүдэд улам тодорхой боллоо. Учир нь эдгээр өдрүүдэд тэдний дроны довтолгооны тоо болон эрч улам нэмэгдсэн. Орос Украинд гал зогсоохыг сонирхохгүй, цаг авч байгаа нь тодорхой байна. Тэд Европ, АНУ хоёрыг хооронд нь хагаралдуулж цаг хожихыг л хүсч байна. Иймээс Европын Холбоо ОХУын эсрэг 17 дугаар багц хориг арга хэмжээ авсан нь зөв алхам гэдэг нь тодорхой болов. Одоо бид Оросын эсрэг авах 18 дахь хориг арга хэмжээний багцыг боловсруулах ажил хийж байна. Бид хүссэн үр дүндээ хүрэхийн тулд илүү ихийг хийх ёстой. Өөр нөхцөлд хийхгүй байсан зүйлээ хийх хэрэгтэй болох цаг ирдэг гэдгийг мартаж болохгүй” гэж мэдэгдэв.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Амарсанаа

0/1000