Их Британийн Ливерпүүл хотын Уотер гудамжинд Английн Премьер Лигийн аваргаар 5 жилийн дараа тодорсон Ливерпүүлийн хөлбөмбөгийн багийн ялалтыг тэмдэглэж байсан шүтэн бишрэгчдийг автомашинаар дайрсан харамсалтай хэрэг гарсан байна.
Баяраа тэмдэглэн гудамжинд цугларсан олныг автомашинаар дайрсан уг хэрэг орон нутгийн цагаар даваа гарагийн оройны 18:00 цагийн орчимд гарчээ.

Уг хэргийн улмаас 27 хүн эмнэлэгт хүргэгдсэний 2 нь маш хүнд гэмтэлтэй, 1 нь бага насны хүүхэд байсан талаар түргэний албанаас мэдэгдсэн байна. Түүнчлэн хэргийн газарт мөн өөр бусад 20 хүнд анхны тусламж үзүүлсний дотор 4 хүүхэд байсан талаар мэдээлжээ.
Ливерпүүлийн хөлбөмбөгийн багийн ялалтыг тэмдэглэхээр олон мянган хүн төв гудманд цуглараад байсан бөгөөд гэрчүүдийн хэлснээр Ливерпүүлийн хөлбөмбөгийн багийнхан зорчиж явсан автобус тухайн гудамжаар яваад өнгөрснөөс 10 орчим минутын дараа дээрх хэрэг гарсан байна.
Цагдаа нар хэргийн газраас тухайн машиныг жолоодож явсан 53 настай эрэгтэйг баривчилж, хэргийн мөрдлөгийг эхлүүлсэн байна. Одоогоор хэргийг үйлдэх болсон сэдэл, шалтгаан тодорхой болоогүй байгаа ч цагдаагийн байгууллагаас уг хэргийг терроризмтой холбогдолгүй гэж үзэж байгаа ажээ.
Хэрэг явдалтай холбогдуулан Ливерпүүлийн хөл бөмбөгийн клубын зүгээс харамсал илэрхийлсэн байна.
Мөн Их Британийн ерөнхий сайд Кир Стармер бэртэж, гэмтсэн хүмүүс, тэдний гэр бүлд харамсал илэрхийлэхийн сацуу хэргийн газарт цаг алдалгүй очиж ажилласан түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын албаныханд талархал илэрхийлжээ.