Өнгөрсөн ням гарагт Вьетнам улсад хийх айлчлалаа эхлүүлсэн Францын төрийн тэргүүн Э.Макроныг Ханой хотын нисэх онгоцны буудалд онгоцноос буухын өмнө эхнэр нь хоёр гараараа нүүрийг нь дарж байгаад түлхсэн үйлдэл бичигдсэн байна.
Уг бичлэгт ерөнхийлөгчийн онгоцны хаалга нээгдэх үед Бригитте Макрон эр нөхрийнхөө нүүрийг хоёр гараараа түлхэж, үүнд нь ялимгүй эгдүүцсэн ч угтан авахаар цугларсан олныг харангуутаа Францын ерөнхийлөгч тэр дороо нүүрний хувирлаа нуун, хүмүүс рүү инээмсэглэн гараа даллачихаад буцаж цаашаа ороод, эргээд эхнэрийнхээ хамт гарч ирж байгаа нь бичигджээ.

Буцаж гарч ирэхдээ тэрээр эхнэртээ гараа өгсөн ч Бригитте Макрон түүний гараас барьж, сугадалгүй онгоцны шатаар буусан байна.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Э.Макроныг “эхнэртээ зодуулдаг” гэх зэргээр бичжээ.
Дээрх богино бичлэг цахим орчинд тархаж, Францын ерөнхийлөгчийн эхнэрийн гаргасан үйлдлийг цахим орчинд гэр бүлийн хэрүүл маргаан, хүчирхийлэл гэх зэргээр бичиж эхэлсэн бол Э.Макрон үүнтэй холбогдуулан даваа гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ хүмүүсийн дээрх яриаг няцааж, “одоо бүгд тайвширцгаа, би эхнэртэйгээ энгийн л тоглоом шоглоом хийж байсан, бид дандаа л тийм байдаг” хэмээн хэлсэн байна.
Тэрээр бидний бие биетэйгээ тоглоом шоглоом хийсэн үйлдлийг хэтэрхий дэгсдүүлж, “дэлхийн хэмжээний үлэмж том асуудал” болгон хувиргасан байна хэмээн нэмж хэлжээ.
Даваа гарагт мөн ерөнхийлөгчийн албаны зүгээс онгоцонд болсон үйл явдлыг “ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт төрийн айлчлал эхлүүлэхээс өмнө инээлдэж, хөхрөлдөн, ойр дотно чөлөөтэй байсан” хэмээн мэдэгджээ.
Э.Макрон ахлах сургуулийн сурагч байхдаа эхнэртэйгээ анх танилцаж байсан бөгөөд тухайн үед сургуулийн багшаар ажиллаж байсан Бригитте өөр хүний эхнэр, гурван хүүхдийн эх байсан. Багшдаа гэрлэх амлалт өгч байсан Э.Макрон хэлсэндээ хүрч тэд 2007 онд гэрлэж байсан юм.