horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ, Филиппинийн хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр NMESIS пуужингийн системийг анх удаа туршина

post-img

АНУ, Филиппинийн хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Америкийн NMESIS пуужингийн системийг анх удаагаа туршихаар болсныг талууд мэдэгдсэн байна.

Энэ талаар Филиппинийн тэнгисийн цэргийн коммандлагч, ахлах генерал Артуро Рохас даваа гарагт зохиогдсон хэвлэлийн бага хурлын үеэр батлан мэдэгджээ.

NMESIS буюу Navy-Marine Expeditionary Ship Interdiction System хэмээх хөлөг онгоцны зүгээс үзүүлэх довтолгоог эсэргүүцэх зориулалттай пуужингийн системийг жинхэнэ сум ашиглан туршихаар болсныг мэдэгдэлд дурьджээ.

Уг пуужингийн систем нь 180 гаруй километрийн алсын зайн тусгалтай бөгөөд хөлөг онгоцны эсрэг пуужин харвахдаа алсаас удирддаг жолоочгүй машинууд дээр байрлуулан ашигладаг байна. Энэ нь далай, тэнгисийн эрэгт байрлаж байлдааны хөлөг онгоцны эсрэг пуужин харвах зориулалттай, хөдөлгөөнт пуужингийн систем ба Америкийн зэвсэг үйлдвэрлэл, зэвсгийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шинэ зэвсэг юм.

АНУ-ын албан эх сурвалжийн мэдэгдсэнээр уг пуужингийн системийг Филиппин улсын батлан хамгаалах салбарын хүчин чадлыг нэмэгдүүлж, тус улсын зэвсэгт хүчний шинэчлэлд дэмжлэг үзүүлэх үүднээс ийнхүү цэргийн хамтарсан сургуулилалтад ашиглахаар болжээ.

Харин уг шинэ пуужингийн системийг жинхэнэ сум ашиглан турших явдал нь БНХАУ-ын зүгээс эсэргүүцсэн, хурц хариу үйлдлийг дагуулж болзошгүй юм. Учир нь туршилт явагдах Филиппинийн хойд нутгийн Лузон арал нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс гэгддэг Тайвань арлын ойролцоо оршдог юм.

Хоёр улсын хамтарсан “Камандаг” хэмээх уламжлалт цэргийн сургуулилалтад энэ жил Франц, Канад, Бахрейн, Австрали, Индонези, Тайланд, Нидерланд улсууд ажиглагчаар оролцохоос гадна БНСУ-аас 80, Япон улсаас 107, Их Британиас 6 цэргийн албан хаагч оролцоохоор болсон байна.

Зохион байгуулагч Филиппин улсын зэвсэгт хүчний 2028 албан хаагч, АНУ-ын зэвсэгт хүчний 2031 албан хаагч оролцох бол энэ удаагийн хамтарсан цэргийн сургуулилалтад нийт 4268 албан хаагч оролцоно. 

Хамтарсан цэргийн сургуулилалт Филиппин улсын Лузон мужийн Тарлак хот дахь агаарын цэргийн бааз болон мөн тус мужийн далайн эргийн Илокос Норте тойргийн бүсэд энэ сарын 26-наас эхлэн ирэх сарын 6-ны өдрийг дуустал үргэлжлэн зохиогдоно.

0/1000