Энэ сарын 18-ны өдөр явагдсан Румыны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Никушор Дан даваа гарагт тангараг өргөж, үүрэгт албандаа орсон байсан.
Өдгөө 55 настай математикч, нийслэл Бухарест хотын дарга асан Никушор Дан нийт саналын 53.6 хувийн санал дангаараа цуглуулснаар шууд ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч болох AUR намаас нэр дэвшигч Жорж Симион 46.4 хувийн санал авснаар ялагдал хүлээсэн юм.

Ж.Симион анхандаа өөрийгөө ялалт байгуулсан хэмээн зарлаж, сонгуулийн дүнгийн асуудлаар дээд шүүхэд гомдол мэдүүлсэн боловч өнгөрсөн долоо хоногт түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ удаагийн Румыны ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 64.72%-тай гарсан нь сүүлийн 20 жилийн доторх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд нийт 11.6 сая гаруй иргэн сонгуульд оролцож саналаа өгснөөс 6 сая гаруй нь ЕХ-г дэмжигч, либерал үзэлт улс төрч Никушор Даныг дэмжсэн юм.
Түүний тангараг өргөж, албандаа орох ёслолын арга хэмжээ парламентын ордонд зохиогдсон бөгөөд тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ тэрээр дотоодын эдийн засгийн хямралын эсрэг тэмцэж, “нийгмийнхээ дуу хоолойг нээлттэй сонсч, хүлээн авдаг ерөнхийлөгч байх болно” хэмээн мэдэгджээ.
Румыны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байдаг бөгөөд улс орныхоо үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын шийдвэр гаргалтуудыг хариуцдаг байна.
Ажиглагч мэргэжилтнүүд Никушор Даныг ерөнхийлөгч болсон даруйдаа юун түрүүнд ерөнхий сайдыг нэрлэн томилох сорилт хүлээж байгаа бол араас нь өндөр хэмжээний төсвийн алдагдал, нийгэм дэх гүн гүнзгий хуваагдал, мөн хажууханд нь өрнөж буй Украины дайн гэх зэрэг шийдвэрлэх ёстой олон асуудлууд хүлээж байгааг онцолж байна.