horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Хятад улс Оросын зэвсгийн компаниудад материал нийлүүлж буй тагнуулын мэдээ Украинд байгаа гэв

post-img

Хятад улс сумны дарь болон бусад материалуудыг Оросын цэрэг, зэвсгийн компаниудад нийлүүлж буй тагнуулын мэдээ байгаа талаар Украины Гадаад тагнуулын албаны дарга мэдэгджээ.

Украины Гадаад тагнуулын албаны дарга Олег Ивашченко Украины төрийн өмчит Ukrinform мэдээллийн агентлагт даваа гарагт өгсөн ярилцлагадаа Хятадын талаас тусгай машин, тоног төхөөрөмж, химийн бодис, дарь, сэлбэг хэрэгсэл зэрэг материалуудыг Оросын зэвсгийн үйлдвэр, компаниудад нийлүүлж буйг батлах мэдээлэл байгаа гэсэн байна.

Түүний хэлснээр Хятадаас бараа материал авч байгаа Оросын 20 үйлдвэрийн талаарх баталгаатай дата мэдээлэл байгаагаас гадна мөн Орос, Хятадын хооронд 2024-2025 оны хооронд нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарт хамтран ажилласан 5 тохиолдлыг бүртгээд байгаагаа хэлжээ.

“2025 оны эхний байдлаар дайнд ашигласан Оросын дронуудыг хийхэд ашигласан чухал электроник, цахилгаан сэлбэг, эд ангийн 80% нь Хятадаас гаралтай байсан” хэмээн Олег Ивашченко онцолж, зэвсгийн үйлдвэрлэлд шаардлагатай микроэлектроникуудыг идэвхигүй, жижиг компаниудаар дамжуулан Хятадаас татаж авдаг талаар ярьсан байна.

Үүний өмнө Украины ерөнхийлөгч В.Зеленский мөн өнгөрсөн сард Хятадын 155 орчим иргэн Оросын талд Украины эсрэг дайтаж байгаа болон БНХАУ-ыг Орост зэвсгийн шууд дэмжлэг үзүүлж байгаа хэмээн буруутгаж, түүний мэдэгдлийг нотлох баримтууд байгаа талаар мэдээлж байсан билээ.

БНХАУ-ын зүгээс Украины дайнд ямар нэгэн байдлаар оролцоогүй хэмээн Украины талын мэдэгдлийг няцааж, “үндэслэлгүй гүтгэлэг” хэмээн хариу мэдэгдэж байсан бол Украины гадаад тагнуулын албаны даргын даваа гарагт өгсөн ярилцлагын талаар Хятадын эрх баригчдын зүгээс одоогоор хараахан хариу өгөөгүй байна.

0/1000