Шведийн автомашин үйлдвэрлэгч Volvo Cars компани олон улсын хэмжээн дэх нийт ажилтнуудынхаа 7 хувь буюу ойролцоогоор 3000 ажилтнаа цомхотголд хамруулахаар болсноо мэдэгдсэн байна.
Тус компанийн зүгээс даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ энэ удаагийн төлөвлөгөөт цомхотголд голчлон оффисын ажилтнууд хамрагдахаас гадна Швед дэх 1200 ажилтан хамрагдана гэдгийг мэдээлжээ.
Өнгөрөгч сард Volvo Cars компани 2025 оны эхний улирлын тайлангаа танилцуулах үеэрээ 2025 болон 2026 онуудад санхүүгийн удирдамж өгөхөө зогсоохоор болсноо мэдэгдэж, үүнийхээ шалтгааныг олон улсын эдийн засаг, зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдсэн хэмээн тайлбарласан юм.
Мөн түүнчлэн компанийн борлуулалтын орлого буурч байгаа явдлыг даван туулахын тулд төсөв зардлаа хэмнэх болон бэлэн мөнгөний үйл ажиллагааны төлөвлөгөө гаргана гэж мэдэгджээ.
Volvo Cars компанийн гүйцэтгэх захирал Хакан Самюэльсон хэлэхдээ, “Өнөөдөр зарласан арга хэмжээнүүд маань гаргахад хэцүү шийдвэрүүд байсан ч ирээдүйд илүү хүчтэй, илүү даван туулах чадвар сайтай Volvo машин бүтээхэд гаргасан чухал алхмууд юм” гэжээ.