Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг хуваарилан олгох төвүүдийг нээж, өлсгөлөнд нэрвэгдээд буй палестинчуудад хүнсний тусламжийг тарааж эхлээд байгаа талаараа Израилын зэвсэгт хүчний зүгээс мягмар гарагт мэдэгдэв.
Израилын тал 3 сар орчим хугацаанд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст нэвтрүүлэхийг хориглосны дараа өнгөрсөн долоо хоногт тусламж ачсан машинуудыг тухайн бүсэд нэвтрүүлсэн бол ийнхүү мягмар гарагаас эхлэн хүнсний тусламжийг олгож эхлээд байна.
Израилын зэвсэгт хүчний зүгээс Gaza Humanitarian Foundation (Газын хүмүүнлэгийн сан) хэмээх байгууллага Газын зурвасын ард иргэдэд хүнсний тусламжийг хуваарилан тарааж эхлээд байгааг мэдээлсэн бөгөөд АНУ-ын дэмжлэгтэй дээрх байгууллага нь хүнсний тусламжийг хуваарилан олгох 4 төвийг Газын зурваст нээсэн байна.
Дээрх төвүүдээс хүнсний тусламж тарааж эхэлсэн эхний өдөр Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод нээсэн хоёр төвийн үйл ажиллагаа эхэлсэн ба хоол, хүнс авах гэсэн олон мянган хүн цугларч, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн Израилын зэвсэгт хүчний цэргүүд анхааруулах зорилгоор агаарт хий буудсан тухай мэдээлэл байна.
Хүнсний тусламж хуваарилан олгох төвүүдийн аюулгүй байдлыг АНУ-ын гэрээт хамгаалалтын компаниуд хариуцан ажиллаж байгаагаас гадна ойр орчмын бүсийг нь давхар Израилын зэвсэгт хүчин хамгаалж байгаа ажээ.
Харин НҮБ болон олон улсын тусламжийн бусад байгууллагууд GHF-тэй хамтран ажиллахгүй гэсэн байр сууриа илэрхийлж, ийм маягаар хүмүүнлэгийн тусламжийг олгох нь хүний үндсэн эрхийг зөрчсөн тэвчиж боломгүй зүйл гэдгийг тодотгож, палестинчуудад тарааж буй хүнсний тусламжийн хэмжээг шаардлагатай хэмжээний хаана нь ч хүрэхээргүй, өчүүхэн хэмээн шүүмжлээд байгаа юм.
Тусламж тараах ажлыг хариуцаж буй GHF байгууллагын зүгээс эхний өдөр 462000 аяга хоолтой дүйцэхүйц хэмжээтэй 8000 орчим хайрцаг хүнсний тусламжийг тарааснаа мэдэгджээ. Түүнчлэн энэ долоо хоногийн сүүл гэхэд Газын зурвасын нийт хүн амын тал буюу 1 сая орчим хүнийг хоол, хүнсээр хангахаар зорьж байгаагаа онцолсон байна.
Газын зурвасын эрх баригчдын зүгээс өлсгөлөнгийн ирмэгт тулж ирээд буй тус бүс нутагт өдөр бүр хүнсний тусламжийн 500 ачааны машиныг нэвтрүүлэх шаардлагатай байгааг хэлж байгаа ч Израил болон АНУ-ын дэмжлэгтэйгээр эхлүүлээд буй, GHF байгууллагын явуулж буй хүмүүнлэгийн тусламжийг хуваарилах уг шинэ систем Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг шийдэж чадах эсэх нь тодорхойгүй байна.