horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АСЕАН, БНХАУ, Персийн булангийн орнууд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцов

post-img

АСЕАН, БНХАУ болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар чуулган Малайз улсад зохион байгуулагдлаа.

Тодруулбал, 10 гишүүнтэй, Зүүн Өмнөд Азийн Орнуудын Байгууллага буюу АСЕАН-ыг энэ жил тэргүүлж буй Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотноо зохион байгуулагдсан байна.

Чуулганд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн болох 6 улсын төр, засгийн тэргүүнүүд ирж оролцсон байна.

Талууд чуулганы үеэр бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, эрчим хүчний аюулгүй байдал, АНУ-ын тарифын бодлогын бүс нутгийн эдийн засагт үзүүлж буй нөлөө зэрэг олон асуудлуудыг хэлэлцлээ.

БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян чуулганы эхэнд хэлсэн үгэндээ бүс нутгийг улам нээлттэй болгож, худалдаа, хөрөнгө оруулалтын илүү чөлөөтэй, тухтай зах зээлийг болгохын төлөө хүчин чармайлт гаргахыг талуудад уриалжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын тарифын арга хэмжээний улмаас дэлхийн эдийн засаг тодорхойгүй болсныг чуулганы зарим оролцогчид тэмдэглэж, бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.

Түүнчлэн олон талт үзлийг ахиулах, хамтын сорилтыг даван туулахын тулд бүс нутгийн эв нэгдлийг нэмэгдүүлэхийн чухлыг онцолжээ.

Чуулганы төгсгөлд талууд эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихээр тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Чуулга уулзалтыг зохион байгуулагч Малайз улсын ерөнхий сайд Анвар Ибрахим эдийн засгийн хамтын ажиллагааг ирээдүйд улам хөгжүүлж, бэхжүүлэх хүлээлт өндөр байгааг илэрхийлж, “бид уян хатан, тогтвортой өсөлтийн үндсийг тавьж чадна” хэмээн тодотгосон байна.

0/1000