horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Трампын цагаачдыг албадан гаргах захирамжийн хүрээнд хэлгүй, дүлий Монгол улсын иргэн 80 гаруй хоног хоригджээ

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэрэгжүүлж эхлээд буй цагаачдыг албан гаргах үйл ажиллагааны хүрээнд хэлгүй, дүлий Монгол улсын иргэн Калифорни мужийн Сан Диего хотын Отай Меса хэмээх хувийн хэвшлийн CoreCivic компанид харъяалагддаг цагдан хорих төвд 80 гаруй хоног хоригдсон талаар тус хотын KPBS радио станц мэдээлжээ.

Түүний дүү болон өмгөөлөгчийнх нь хэлснээр дээрх хугацаанд түүнд шүүгчтэй уулзах боломж бололцоо олдоогүйгээс гадна монгол дохионы хэл ойлгодог хэлмэрч байгаагүй байна.

KPBS радиогийн вебсайтад тавигдсан мэдээлэлд тухайн Монгол улсын иргэнийг “Bay” хэмээн нэрлэсэн бөгөөд түүний шалгагдаж буй цагаачлалын хэрэгт нөлөөлж болзошгүй учраас дүүгийнх нь хүсэлтээр жинхэнэ нэр, овгийг нь нууцалжээ.

Түүний дүү болох “Bema” нь Виржиниа мужид амьдардаг, АНУ-ын иргэн бөгөөд ахыгаа тус улсад амьдарч, оршин суухад нь ивээн тэтгэхээр оролдож байсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй учраас ах нь ямар учраас яагаад саатуулагдан хоригдсон болохоо ойлгож чадахгүй, маш хүнд хэцүү байдалд олон арван хоногийг цагдан хорих төвд өнгөрүүлсэн талаар Bema ярьсан байна.

Монгол улсын иргэн “Bay” нь өнгөрөгч 2-р сард АНУ-ын хилээр нэвтэрсэн бөгөөд тэр даруйдаа хилийн харуулын ажилтнуудад баригдаж, дээрх цагдан хорих төв рүү илгээгдсэн талаар түүний өмгөөлөгч Андреа Монтавон-Маккилип хэлж, “Монгол улсын иргэнд тохиолдсон энэхүү хэрэг явдал нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын захирамж цагаачдыг зохих журмын дагуу хамгаалах явдлыг үгүй хийж, хувийн цагдан хорих төв, шоронгийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад сая сая ам.долларын ашиг олж байгаагийн жишээ юм” гэжээ.

Өмгөөлөгчийн хэлснээр “Bay” хилээр нэвтрэхдээ монгол хэл дээр бичигдэж, англи хэлээр орчуулсан, орогнол хүссэн утга бүхий бичиг баримтуудаа үзүүлсэн боловч хилийн ажилтнууд тухайн бичигтэй танилцахаас татгалзаж, нэг ч хараагүй гэнэ.

KPBS радиогийн вебсайтад тавигдсан мэдээлэлд “Bay”-ийг Монголд хэлгүй, дүлийн гэдгээр нь дээрэлхэж, хэд хэдэн удаа зодуулж, олон яс нь хугарч, тархиндаа маш хүнд гэмтэл авч байсныг түүний дүү болон өмгөөлөгч нар ярьсныг онцолжээ. Тиймээс түүний дүү өөрийн амьдардаг Виржиниа дахь гэртээ ахдаа тусад нь өрөө бэлдчихсэн, мөн Bay Area-д байрлалтай ашгийн бус байгууллагатай холбогдож, ахыгаа Америкийн дохионы хэлний сургалтад суулгаж, мөн ажилд зуучлах хөтөлбөрт хамруулахаар ярилцаж тохирсон байсан гэжээ. 

Түүний дүү ерөнхийлөгч Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл сонсч байсан гадны цагаач иргэдийг албадан гаргах бодлого, үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж, эсрэгээрээ түүний ах өмнө нь ямар ч гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл авч байгаагүй учраас энэхүү албадан гаргах үйл ажиллагаанд хамрагдах ёсгүй гэж үзэж байгаагаа тодотгосон байна. Мөн тэрээр ах нь удаан хугацаанд ганцаараа тусгаарлагдсаны улмаас депресст орж, түүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар KPBS радиод ярьсан байна.

“Bay”-ийн өмгөөлөгч Андреа Монтавон-Маккиллип өөрийн үйлчлүүлэгчийнхээ саатуулагдсан явдал болон мөн түүний хэрэг дээр ажиллахад бүх талуудад хэлний бэрхшээл хамгийн их хүндрэл учруулж байгааг онцолжээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментын зүгээс “Bay”-ийг АНУ-аас албадан гаргаж, нутагт буцаана гэж байгаа бол түүний өмгөөлөгч үүнээс сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэхүү асуудлаар холбооны шүүхэд хүсэлт гаргасан байна.

KPBS радиогийн эрэн сурвалжлах сэтгүүлч Густаво Солисын бичсэн, Трампын цагаачдыг албадан гаргах захирамжийн хүрээнд АНУ-д саатуулагдан хоригдож буй Монгол улсын иргэний тухай нийтлэл мэдээ энэ сарын 16-ны өдөр тус радиогийн вебсайтад нийтлэгджээ.

0/1000
Orgil

Uhsen zuger orognol hussen muu argarai novsh l bnshde hohe chin