horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

HBO сувгийн “Харри Поттер” цувралын гол дүрүүдэд тоглох залуу жүжигчид тодорлоо

post-img

HBO сувгийн шинэ төсөл болох “Харри Поттер” цувралын гол дүрүүдэд тоглох залуу жүжигчдийг сонгон тодруулснаа тус суваг зарласан байна.

Телевизийн шинэ цувралд Харри Поттерын дүрд жүжигчин Доминик Маклафлин, Хермиона Грейнжерын дүрд жүжигчин Арабелла Стэнтон, Рон Визлигийн дүрд жүжигчин Алистейр Стаут нар тоглохоор болжээ.

Дээрх гурван гол дүрийн жүжигчдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн жил зарлан эхлүүлж байсан бөгөөд шалгаруулалтад оролцсон 30 мянга гаруй хүүхдээс дээрх гурван жүжигчин сонгогдсон байна.

“Шалгарсан гурван залуу жүжигчид маань гайхалтай авьяас чадвартай, тэдний хамтдаа бүтээсэн ид шидийг дэлхийн үзэгчидтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн тус цувралын ерөнхий продюсер Франческа Гардинер, найруулагч Марк Майлод нарын хамтдаа гаргасан мэдэгдэлд дурьджээ.

Төслийн багийн зүгээс өмнө нь жүжигчин Жон Литгоу (Альбус Дамблдор), Жанет Мактийр (Минерва Макгонагал), Паапа Эссиеду (Северус Снейп), Ник Фрост (Рубеус Хагрид), Люк Таллон (Куиринус Куиррелл), Пол Уайтхаус (Аргус Финч) нарыг зарлан танилцуулсан бөгөөд удахгүй мөн бусад дүрүүдэд сонгогдсон жүжигчдийг танилцуулахаа мэдэгдсэн байна.

10 гаруй жил үргэлжлэн гарч магадгүй байгаа энэхүү телевизийн цувралын продюсераар “Харри Поттер” номын зохиолч Ж.К.Роулинг мөн ажиллахаар болсон юм.

Киноны зураг авалт энэ зун Английн Ливсден дэх Уорнер Брос компанийн студид эхлэх бол эхний цувралын эхний улирлыг 2026 оны эхээр HBO Max сувгаар үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.

0/1000